Цэргийн баярт зориулсан барилдаанд Ц.Содномдорж харцага түрүүлэв
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдааныг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, "Алдар" спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол бөхийн өргөөний хойморт морилсон.
Барилдааныг нээж УИХ-ын гишүүн Батлан хамгаалах сайд Ц.Цолмон үг хэлсэн. Тэрээр эрт дээр үеэс манай ард түмэн түүхэн үйл явдлуудыг тохиолдуулан бөхөө барилдуулан ирсэн сайхан уламжлалын дагуу Монгол цэргийн өдрийгтохиолдуулан үндэсний бөхийн барилдаанаа уламжлал ёсоорзохион байгуулж байна. Ардын хувьсгал ялсанаас хойш Батлан хамгаалах салбараас Үндэсний бөхийн 11 аварга, 9 арслан, 2 гарьд, 11 заан, 14 харцага, 30 гаруй начинбуюу улсын цолтой 70 гаруй бөх төрөн гарсан түүхтэй. Энэ бөхчүүдээрээ Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнбахархаж байдаг юм гэсэн юм.
"Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир,Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд,улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр,Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат "Алдар" спорт хорооны тамирчин, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэсэн.Их шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хорооны тамирчин, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хорооны тамирчин, аймгийн арслан Э.Даш нар шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ