Д.Батмөнх: Нарны хиртэлт манай орны төв, баруун хэсгийг хамарна

Манай оронд энэ сарын 20-нд нар хиртэнэ. Үүнтэй холбоотойгоор Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Энэ сарын 20-нд нар хиртэнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 20-нд нарны хиртэлт ажиглагдана. Гэхдээ нар хиртэлтийг 100 хувь гэж үзвэл зөвхөн 40 хувь нь манай орны төв, баруун хэсгийг хамарч хиртэнэ. Зарим газартаа 20, 30 хувьтай харагдана гэсэн үг юм. Бүтэн хиртэлт нь Атлантын далайн хойд хэсгээс Норвегийн арлуудаар дамжиж, Хойд мөсөн далай руу чиглэсэн байна. Өдрийн 17 цаг 30 минутад хиртэлт эхэлж хэдэн ч минут үргэлжилж болно. Нар хиртэх үед агаарын хэм огцом буурч, хүйтэрдэг. Өвөл нарны бүтэн хиртэлт болохоор огцом даарч, гар бээрдэг. Зуны цагт бол сэрүүсч хүйтэрдэг учраас даарах жишээтэй. Нарнаас бидэнд цахилгаан соронзон долгион ирдэг. Мөн эгэл бөөмсийн урсгал бол үргэлж нарнаас гарч байдаг. Тэдгээрт бага зэргийн өөрчлөлт орно. Түүнээс дамжаад хүнд ямар нэгэн өөрчлөлт орж болохыг үгүйсгэхгүй. Ер нь амьдралаас цуглуулсан баттай биш мэдээллээс үзэхэд нар хиртэх үед нохой гасалж, мал хэвтэж байсан хэвтрээ солих тохиолдол гардаг гэсэн. Би нар хиртэлтийг харж байсан л даа. Тэр үед сэтгэл санаа тавгүй болж стресстэх ч гэдэг юм уу хэвийн бус болдог юм байна лээ.

-Нар хиртэх үзэгдлийн талаар тайлбарлана уу?

-Нар хиртэлт гэдэг нь нар дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн нэг хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртдэг ч бүтэн хиртэлт нь тийм олон тохиолддоггүй. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно. Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлах нь бий. Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Нар хиртэлтийг дөрөв ангилдаг. Үүнд, бүтэн хиртэлт, нар, сарны ард бүтнээрээ орж, халхлагдана Хүрээт хиртэлт, нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана. Холимог хиртэлт, бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Энэ нь харьцангуй ховор тохиолддог. Хагас хиртэлт, нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана. Нарнаас дэлхий хүртэлх зай, сарнаас дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 390 дахин хол бөгөөд нарны диаметр сарныхаас багцаагаар 400 дахин том байдаг. Энэ хоёр харьцаа бараг ижил байдаг тул нар, сар хоёр дэлхийгээс бараг ижил хэмжээтэй харагддаг юм.

-Манай оронд нарны бүтэн хиртэлт хэд хэдэн онд болж байв?

-1997 онд манай орны төв хэсэг буюу Дархан-Уул аймгийн орчимд, 2006 онд Хөвсгөл аймагт, 2008 онд баруун аймгуудаар буюу Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар бүтэн хиртэлт болсон. Нарны хиртэлт нь хоёр минут, дээд тал нь зургаан минутын хугацаанд үргэлжилдэг. Сүүлд болсон нарны бүтэн хиртэлт нь, Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монгол Улсын газар нутгийг дайран Хятадын нутагт төгссөн. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдсан байдаг.

-Дараагийн нарны бүтэн хиртэлт хэзээ болох вэ?

-Сар дэлхийд хамгийн ихээр ойртох үед нар хиртвэл бүтэн хиртэлт болно. Манай оронд 2063 онд нар бүтэн хиртэж харагдана. Тэр нь манай орны өмнө хэсэг буюу Өмнөговь аймгаар хиртэнэ. Энэ онд хагас хиртэлт хоёр явагдаж байгаа. Эхнийх нь одоо 20-нд хиртэх бол дараагийнх нь ирэх есдүгээр сарын 13-нд хиртэх юм.

-Нарны бүтэн хиртэлтийн үед ямар үйл явц болдог вэ?

-Нарны бүтэн хиртэлтийн үед нарны агаар мандлын хамгийн гадна талын давхарга болох титэм тод ялгаран харагддаг. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг тул энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан харагддаггүй. Иймд нарны бүтэн хиртэлтийн үед тогтмол явуулдаг нэгэн судалгаа бол титмийн бүтэц, физик шинж чанарыг тодорхойлох явдал байдаг.

-Нарнаас гадна сар хиртдэг шүү дээ. Ойрын хугацаанд сар хиртэх үзэгдэл болох уу?

-Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугамд давхцах, эсвэл бараг нэг шугамд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна. Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай. Энэ онд хоёр сарны хиртэлт явагдана. Эхнийх нь ирэх сарын 4-нд, хоёр дахь нь есдүгээр сарын 28-нд болно

-Өнгөрсөн онд “Сансар, од эрхсийн ордон” нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү ордны үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-“Сансар, од эрх сийн ордон” өнгөрсөн оны зургадугаар сард нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гурван танхимтай. Эхнийх нь “Сансар” танхим. Энд орчлон ертөнц, нар ба нарны аймгийн зурагт самбарууд, дэлхийн сансар судлалын түүх, сансрын хөлөг, пуужингийн макет загварууд болон монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан үзүүлэн, тэр үеийн баримт материалуудыг тавьсан. Хоёр дахь танхим буюу “нар, сар, кино” танхимд орчлон ертөнц, од гаригсийн тухай шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц, баримтат кино үзүүлдэг. Гурав дахь нь “Од эрхэс” танхим байгаа. Планетари бол хагас бөмбөрцгөн дээврийн дотор гадаргуу дээр од, гариг, нар, сар, бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрсийг тэдгээрийн гэрэлтэлт, байрлал хөдөлгөөнийг тооцон проекцлон гаргадаг төхөөрөмж, проектор юм. Энд Японы эрдэмтэн Сакай Ёшихитогийн бэлэглэсэн “Минолта MS-8” планетарийн төхөөрөмжийн тусламжтайгаар энэ танхимд одот тэнгэрээр аялах боломжтой. Нийт 70 хүний багтаамжтай. Одоогоор долоо хоногийн дөрвөн өдөр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Хүмүүс их сонирхож ирж үздэг.

-Манай оронд одон орон судлалын байгууллага хэдэн онд бий болсон бэ?

-Манай оронд 1957 онд орчин үеийн одон орон судлалын байгууллага бий болж, 1964 оноос нарны судалгааны алба байгуулагдаж, нарны толбо, дөлний зураг болон титмийн спектрийн шугамуудыг бүртгэн боловсруулах ажил эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэд нарны дөлөн дэх устөрөгч болон гелийн ионы спектрийн зарим шугамуудын үүсэл, нарны ерөнхий соронзон орны туйлын байршлыг тодорхойлох, нарны толбоны дээрх өнгөт мандлын кальцийн ионы спектрийн шугамын эрчим зэрэг сэдвээр томоохон бүтээлүүд гаргасан. Орчин үед шинэ технологи нэвтэрч, астрономийн дуран авай CCD төхөөрөмжтэй болсноор мэдээллийг шууд комьпютерт хадгалах, шуурхай, чанартай, богино хугацаанд олон тооны зураг, спектр хүлээн авах боломж бүрдэж судалгааны асуудлыг шинээр шийдэхэд тус дөхөм үзүүлж байна. Нар судлахын өөр нэг ач холбогдол бол физикчдийн сонирхлыг ер бусаар татаж байдаг плазмын асар том лаборатори. Бид дэлхий дээр гаргаж авч чадахгүй том орон зайд явагдах плазмын үзэгдлийг судалж шинэ мэдлэг хуримтлуулж байна. Мөн Нарны энерги цөмийн урвалын дүнд, устөрөгчийн дөрвөн цөм нийлж гелийн цөм үүсэх дүнд үүсэж, цацраг болон конвекцийн үзэгдлээр дамжин Нарны гадаргуу дээр гарч ирдэг. Энэхүү урвалын процессыг дэлхийн нөхцөлд гаргаж авахыг зорьж ажиллаж байна даа.

Ц.ЗАЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ