"Супер марио" хочит Марио Матт их спортоо орхилоо

Уулын цанын нэрт тамирчин Австрийн Марио Матт их спортоосоо зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэрээр 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын слалом төрөлд алтан медал хүртэж байсан юм.

Өвлийн олимпийн наадмын слалом төрлийн аварга Австрийн нэрт тамирчин Марио Матт их спортоосоо зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэрээр цаашид өндөр түвшний өрсөлдөөн үзүүлж чадахгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь зодог тайлах болсон гол шалтгаан болжээ. Супер Марио хочит Матт өчигдөр Австрийн Сэйнт Энтөнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар ярьсан байна.Тэрээр уулын цанын спорт цаашид миний амьдралын хамгийн чухал зүйл биш болсон гэдгийг би энэ улирал мэдэж авлаа хэмээн хэлсэн байна. Уулын цанын түүхэнд слалом төрлийн хамгийн шилдэг тамирчдын нэг гэгддэг 35 настай Марио Матт өнгөрсөн онд Сочигийн өвлийн олимпийн наадмаар слалом төрөлд алтан медал хүртэж олимпийн аварга болж байлаа.Мөн тэрээр 2001, 2007 онд 2 удаа дэлхийн аварга болсноос гадна,карьерийнхаа турш дэлхийн цомын 15 гараанд түрүүлж байсан юм. Харин энэ улирал Австри тамирчин маш муу амжилтыг үзүүлж байгаа юм.Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаж чадаагүй бол дэлхийн цомын тэмцээний гараануудад топ 10-т багтаж чадаагүй. Өөрөөр хэлбэл 2009-10 оны улирлаас хойшхи хамгийн муу амжилтаа үзүүлээд байжээ.Тэгвэл дэлхийн цомын тэмцээны улирал үргэлжилж байгаа, Ирэх Бямба Ням гарагт слалом, болон жайнт слалом төрлийн өрсөлдөөн Словений Краняска Горад явагдах хуваарьтай байгаа юм.

Э.Ерөөлтхүү

#f6f7f8; color: #373e4d;">Эх сурвалж: http://www.ssport.mn/p/967

СЭТГЭГДЭЛ БИЧИХ