Охиныг матрааснаас гаргахад оройтсон байжээ
Дундговь аймагт өнгөрсөн амралтын өдөр 13 настай тамирчин охин бэлтгэл хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Тодруулбал, талийгаач охин Г нь Дундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас аймгийн төвд ирээд байсан аж.
Гэтэл охин 28 кг-ын жинд барилдах ёстой байтал тухайн үед 29.5 кг жинтэй байжээ. Тиймээс дасгалжуулагч багш ньжинг нь хасах зорилгоор нэлээд удаан гүйлгэж хөлөргөөд дараа нь матраасанд ороогоод матраасных нь хоёр захад хүүхэд суулгажээ.
10 орчим минутын дараа охиныг матрааснаас гаргахад тэрээр аль хэдийнэ клиник үхэлд орсон байсан гэнэ. Ингээд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч 2-3 цагийн дараа амьсгал хураажээ. Охины үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний эмнэлэгт талийгаачийн цогцсыг хүргэсэн гэнэ.
Дундговь аймгийн цагдаагийн газраас дасгалжуулагч багш М-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжийн нотолж байгаагаар охины багш эхний мэдүүлгээрээ л худал хэлсэн байна. Тэрбээр “Охиныг бэлтгэлээ хийж байхад дэргэд нь байгаагүй. Гадуур ажилтай яваад ирэхэд ийм хэрэг гарсан байсан” гэж мэдүүлсэн ч камерын бичлэгт охины дэргэд сууж байгаа нь нотлогдон үлджээ. Гэсэн ч охины эцэг, эх цагдаагийн байгууллагад “Охин минь спортын төлөө явж байгаад санамсаргүй амиа алдсан тул багшид ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлгийг Цагдаагийн байгууллагад өгсөн гэж эх сурвалж мэдээлэв.
Талийгаач Г нь сумын төвд нагац эгчийндээ амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн жилээс жүдо бөхөөр хичээллэж эхэлснээс хойш хэд хэдэн тэмцээнээс медаль хүртэж байсан байна. Тэрээр маш шаргуу, хөдөлмөрч, дайчин хүүхэд байсан гэдгийг дасгалжуулагч хийгээд цуг бэлтгэл сургуулалт хийдэг нөхөд нь онцолжээ.
Талийгч охины гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд Монголын Жүдо бөхийн холбоо гүн эмгэнэл илэрхийлэв. Түүнчлэн өсвөрийн жүдочиддоо хандан сэрэмжлүүлэг хүргэсэн байна.Үүнд:
"Жүдо бөхийн спортоор хичээллэгч олон мянган охид, хөвгүүдэд хандаж сэрэмжлүүлэхэд багш, дасгалжуулагчийн удирдлага хяналт дор бэлтгэл сургуулилтаа хийх, Олон Улсын Жүдо бөхийн холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу өсвөрийн тамирчдыг жин хасахыг хориглох, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгийн чухал асуудал болгон бэлтгэл сургуулилтаа хийх нь та бүгдийн ирээдүйн амжилтын үндэс байх болно гэдгийг үргэлж санаж явагтун" гэжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ