Монголчуудын манлайлал тасрахгүй байна
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё өнгөрсөн ням гаригт Осака хотноо эхэлсэн. Башёгийн эхний өдөр отгон ёкозүна Какүрюү М.Ананд гэмтлийн улмаас өнжих болсноо зарласан нь харамсалтай. Ид барилдаж яваа их аварга бүү хэл ямар ч цолтой сүмочид бүтэн башё өнжинө гэдэг нь том асуудал.
12 башё дараалан озэки цолтой үзэлцсэний эцэст ёкозүна цолны болзол хангаж хамгийн отгон аваргаар тодроод байгаа Какүрюү М.Ананд энэ жил 30 хүрнэ. Сүмогийн хувьд энэ нь ахмад бөхчүүдийн эгнээнд шилжих нас тул нэг башёд ч гэсэн амжилттай барилдах нь түүнд хэрэгтэй юм.
Их аварга цолтой барилдсаныхаа зургаа дахь башёг ийн өнжсөн шалтгаан нь мөрний гэмтэл бөгөөд түүний багшийн ярьснаар Осака хотын эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмч нарын зөвлөл түүнийг нэг сар гам барьж, гэмтлээ бүрэн эдгээхийг зөвлөсөнөөр Хару башё хоёр ёкозүнатай эхэлсэн юм. Өчигдөр хаврын башёд олон сайхан барилдаанаар дүүрэн байлаа.
Барууныг манлайлан барилдсан 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж өчигдрийн барилдаанд сэкивакэ цолноосоо бууж барууны маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Ичиножео А.Ичинноровтой таарч барилдан унаснаар хоёр бөх хоёул хоёр даваа нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин зүүнийг манлайлан барилдаж байгаа 69 дэх их аварга Хакухо сүмо бөхийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон буюу 33 удаа түрүүлсэн амжилтаа үргэлжлүүлэхээр итгэл төгс барилдаж нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Тэрээр өчигдрийн барилдаанд Точиозантай таарч барилдан аваргын хүчтэй тулгаралтад өрсөлдөгч нь тэнцвэр алдан хэдхэн секундэд ялагдлаа.
Тэгвэл Хару башёд олны анхаарлыг татаж байгаа, тэр дундаа монголчуудын уухайлан дэмжиж буй сүмоч бол яах аргагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ юм.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын башёд амжилттай барилдсаны үр дүнд энэ башёд Ичиножео А.Ичинноровын орыг эзлэн сэкивакэ цолтой барилдаж байгаа юм.
Магадгүй түүний озэки цолны төлөө дайралтаа эхлүүлэх анхны башё ч энэ болох юм билүү, тэрээр гурван өдрийн дараа нэг ч унаагүй хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна. Өчигдрийн барилдаанд л гэхэд Г.Ган-Эрдэнэ Тамаваши Б.Мөнх-Оргилыг мавашины барьцнаас бярдаж мушгиад давсан юм.
Ийнхүү их аварга Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, маэгаширагийн нэг Ичиножёо А.Ичинноров нар тус тус хоёр даваа нэг унаатай, Токитэнкү А.Хүчитбаатар болон Араваши Э.Дөлгөөн, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар нар нэг даваа хоёр унаатай, дээд зиндааны хамгийн ахмад сүмоч болох Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг ч даваагүй башёг үргэлжлүүлж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ