Ялагдашгүй хүчирхэг монгол эмэгтэйчүүд

Өчигдөр болж өнгөрсөн баярын өдрөөр нийт эмэгтэйчүүддээ хамгийн том бэлэг барьсан эзэд нь эмэгтэйчүүд өөрсдөө байлаа. Учир юун гэвээс Чөлөөт бөхийн спортоор сонирхон хичээллэдэг дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн дундаас шалгарсан шилдгийн шилдэг найман баг манай хойд хөршид өрсөлдөн тэмцэлдлээ.

Энэхүү шилдэг найман багийн тэмцээнд Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг зүй ёсоор оролцож хүрэл медаль хүртсэн амжилт нь ийнхүү Мартын 08-ны хамгийн том бэлэг гэж хэлэхэд зүйд нийцэх юм. Зөвхөн эмэгтэйчүүдэд ч биш нийт монголчуудаа баярлуулсан чөлөөт бөхийн бүсгүйчүүд маань жүдогийнхонтой хамт энэ зууны эхэнд улсынхаа спортынгавьяаг даян дэлхийд мөнхөлж байгаа юм.

Чөлөөтийн эмэгтэйчүүд маань 2013 онд эх орондоо болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль авч байсан тул энэ тэмцээнд алтан медаль авах том зорилго өмнөө тавиад байсан. Гэсэн хэдий ч энэ удаагийн дэлхийн цомд өрсөлдсөн найман улсын шигшээ багаас зургаа нь бие биенийгээ тойрч хожсон, медальт байруудад аль нь ч шалгарч мэдэхээр тийм өрсөлдөөнтэй байсныг онцолж байна.

48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/, 53 кг-д ОУХМ Э.Сумьяа/ ”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт/, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/, 58 кг-д ОУХМ Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/, 60 кг-д Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/, 63 кг-д Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/, 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа /ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга/, 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар энэ удаагийн дэлхийн цомд оролцсон нь яах аргагүй эмэгтэй чөлөөт бөхийнхний энэ цагийн шилдгүүд нь юм.

Манай баг “Б” хэсэгт Шведийн багийг 6:2-оор ялж, Оросын багт 3:5-аар ялагдан улмаар Украины шигшээ багийг 6:2-оор буулган авч хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Харин Украины багт ялагдсан хэрнээ манай багийг хожоод байсан Оросын эмэгтэйчүүд хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч А хэсгээс шалгарсан Японы шигшээтэй барилдахаар болсон.

Энэ үед Оросын шигшээгийн гол найдвар нь манай эмэгтэйчүүд болсон бөгөөд оросуудыг хожсон Украины эмэгтэйчүүдийг 6:2-оор тасархай хожсоноор хойд хөршийнхөндөө алтан медалийн төлөө барилдах боломж олгож өөрсдөө ч хүрлийн төлөө барилдах эрхээ олж авсан юм.

Ингээд Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол, АНУ-ын багуудын барилдаан сонирхолтой, өрсөлдөөнтэй болж манай баг нэг барилдаанд ялж хоёр барилдаанд ялагдсан ч дараагийн 4 барилдаанд завсаргүй ялалт байгуулж хүрэл медаль авах болзол хангасан юм. Хамгийн шийдвэрлэх барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа итгэлтэй, давшингуй барилдаж өрсөлдөгчөө 8:5 онооны харьцаагаар өвдөг шороодуулж багийнхаа ялалтын уухайг хадаасан.

Алтан медалийн төлөө барилдаанд Японы баг Оросын шигшээг 5:3-аар ялж өнөө цагийн шилдэг баг болохоо дахин нотлон харуулсан юм. Японы баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлж Оросын баг 4 дэх мөнгөн медалиа авч байгаа нь энэ.

Дэлхийн цомын төлөө тэмцээнд Э.Сумьяа, Б.Шоовдор, С.Цэрэнчимэд, О.Насанбурмаа нар тус бүр 3 ялалт, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, Г.Наранчимэг нар тус бүр 2 ялалт авч багийнхаа амжилтад их хувь нэмэр оруулсан юм.

Ялангуяа Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор Украины шигшээтэй чухал барилдаанд өрсөлдөгчөө 8:0-ээр ялсан, харин хүрлийн төлөө америкчуудтай хийсэн барилдаанд өрсөлдөгчөө бүр ч илүүрхэн 10:0-ээр ялсан нь энэ хүрэл медальд хүрэх бас нэгэн торгон агшин байлаа.

Тэрээр ингэснээр он гараад олон улсын хэмжээний хоёр дахь том тэмцээндээ сайн барилдаж ур чадварын хувьд өсч өндөр зэрэглэлийн бөхчүүдтэй ач тач өрсөлдөх хэмжээнд хүрснээ харууллаа.

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд ялагдал нь сургамж болох байх. Гавьяат тамирчин С.Батцэцэг өнгөрсөн жилийн дэлхийн аварга, украиний бөх Ю.Ткачтай барилдаж ялагдсан ч жингийнхээ дэлхийн тэргүүлэх бөхтэй гар зөрүүлж үзсэн нь сайн хэрэг. Гавьяат О.Насанбурмаа олимпийн аварга Н.Воробьёвад И.Ярыгиний тэмцээнд ялагдаж байсан бол энэ удаа түрүүчийнхээс өөр мэхийн хувилбар хийж хожигдсон ч түүнийг ялж болох нь харагдлаа. Монголын эмэгтэй бөхчүүдийн ялалтын буухиаг чөлөөтийнхөн маань итгэл төгс үргэлжлүүлж байна.

Монгол, АНУ-ын багуудын барилдааны дүн

48 кг Э.Нарангэрэл - Алиса Лампе, 8:10

53 кг Э.Сумьяа - Уотнер Кондер, 4:2

55 кг С.Бямбацэрэн - Хэлэн Луис Марилиус, 1:2

58 кг Б.Шоовдор - Алли Маркензи Раган, 10:0

60 кг С.Цэрэнчимэд - Кеслей Рене Кэмпэлл, 12:1

63 кг С.Батцэцэг - Эрин Элизабет Кложо, 11:2

69 кг О.Насанбурмаа - Елена Пирожкова, 8:5

75 кг Г.Наранчимэг - Аделина Грей, 0:10

Монгол, Украины багуудын барилдааны дүн

48 кг Э.Нарангэрэл - Ольга Шнайдер, 8:0

53 кг Э.Сумьяа - Татьяна Лазарева, 10:0

55 кг С.Бямбацэрэн - Татьяна Лавренчук, 8:0

58 кг Б.Шоовдор - Татьяна Омельченко, 8:0

60 кг С.Цэрэнчимэд - Оксана Гергель, 6:8

63 кг С.Батцэцэг - Юлия Ткач, цэвэр ялагдсан

69 кг О.Насанбурмаа - Алла Черкасова, 4:4

75 кг Г.Наранчимэг - Катерина Бургомистрова, 1:0

Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний дүн

Нэгдүгээр байр Япон улсын баг

Хоёрдугаар байр ОХУ-ын баг

Гуравдугаар байр Монголын баг

Дөрөвдүгээр байр АНУ-ын баг

Тавдугаар байр Азербайжан улсын баг

Зургаадугаар байр Украин улсын баг

Долоодугаар байр Польш улсын баг

Наймдугаар байр Швед улсын баг

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ