Сангийн сайд ээжийнхээ гэрт амьдардаг уу

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат “25 дугаар суваг” телезизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн гэсэн орон сууцгүй хэмээн ярьсан билээ. Тэрээр одоо ээжийнхээ байранд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоод Улаанбаатарт ирэхдээ л ээжийнхээ байранд орж, түүнээс хойш нэг ч орон сууц хувьдаа худалдаж аваагүй гэх. Тэрээр энэ талаар ярихдаа “Өөрийн гэсэн орон сууцтай болж амжаагүй л байна. Уг нь хөдөөнөөс ирсэн гишүүдэд УИХ-аас орон сууцны дэмжлэг үзүүлдэг гэсэн. Тэрийг нь надад үзүүлээгүй. Ямар ч байсан өргөдөл бичээд саналаа тавьсан. Өгөхгүй гэсэн хариу өгсөн. УИХ-ын гишүүдээс Х.Болорчулуун гишүүн бид хоёр авч чадаагүй” гэв. Эдийн засаг хямарсан энэ үед өгөх боломжгүй гэж байхад заавал авах гэж зүтгээгүй тухайгаа ярьж байсан юм.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хувьд газар тариалан, мал аж ахуй, санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг байна. Түүний бизнесийг эхнэр болон дүү нар нь хариуцдаг гэдгийг хэлж байлаа. Харин тогтвортой бизнес эрхэлж байгаа хүн яагаад өдий хүртэл хувьдаа орон сууц худалдаж авахгүй байгааг сонирхоход “Гадаа хоноод байгаа биш болж л байгаа юм чинь эдийн засаг хямарсан үед байр авъя гээд яваад байх нь утгагүй. Ээж маань гар гээд гаргачихгүй байгаа юм чинь байр худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй” гэсэн хариулт өгч байв.

Тэрээр гурван хүүхэдтэй бөгөөд том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг аж. Мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбат одоог хүртэл 9949-тэй дугаар барьдаг юм байна. Түүнд бусад гишүүд шиг 9911-тэй дугаар байдаггүй гэж байлаа.

-ТЭРЭЭР ХОМ-ТЭЭ ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ -

Түүнийг хувьдаа орон сууцгүй, өдийг хүртэл ээжийнхээ байранд эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг гэхэд итгэх хүн хэр олон байгаа бол. Тэрээр энэ талаар “Надад итгэхгүй байх л даа. Гэхдээ би худлаа ярьж чаддаггүй” хэмээн ярьж байв.

Сангийн сайд үнэхээр хувьдаа орон сууцгүй юу

2013 онд УИХ-ын гишүүдээс хамгийн олон орон сууцтай эрхмээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тэргүүлсэн байна. Гишүүд тус бүрдээ тав, таван орон сууцтай байсан бол удаах байрт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар багтжээ. Тэд дөрөв, дөрвөн орон сууцтай хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байх юм. Тэгэхээр хөдөөний хоёр гишүүнд УИХ-ын байрны дэмжлэг угаасаа хэрэггүй байсан бололтой.

Ж.МАРАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ