О.сэр-од: энэ онд төрийн байгууллагууд машин нэмж авахгүй

Дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад буй. Ингэхдээ шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах шаардлага тавьсан юм.

Төрийн өмчит 757 байгууллага өдгөө 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх аж. Дээрх байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд тав, жолоочийн цалинд 25, нийт 50 тэрбум төгрөг зарцуулжээ. Иймээс Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөл бэлтгэн энэ сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан аж.

Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Одоос тогтоолд хэрхэн өөрчлөлт оруулах, одоогоор ямар арга хэмжээ авч буйг тодрууллаа.

-Цагаан сарын өмнө Ерөнхий сайд төрийн өмчит байгууллагуудыг хот дотор том оврын, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх ажлын явц ямар байна вэ?

-Шийдлийн Засгийн газраас авч буй төсвийн хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээний хүрээнд орон тооны давхардлыг арилгаж, төрийн өмчит компанийн орлогоор тойрон аялал, уралдаан тэмцээн санхүүжүүлэхгүй, баяр ёслол тэмдэглэхийг хориглох болсон. Үүний нэг нь төрийн өмчит байгууллагуудын ашиглаж буй том оврын жийпнүүдийн зардлыг танах юм. Манай байгууллага энэ онд төрийн өмчит компаниудын төлөвлөгөөг батлахдаа нэг ч машин шинээр авахгүй байхаар тусгасан. Машин авъя гэснийг нь хассан. Одоогоор бид аль байгууллагад ямар машин байгаа талаарх нарийвчилсан судалгаа хийж байна.

-Автомашинуудыг хурааж дуудлага худалдаад оруулна гэх мэдээлэл байсан, үнэн үү?

-Том оврын 812 жийпийг яаж хураах вэ, оронд нь өөр машин өгөх юм уу зэрэг олон асуудал бий. Одоо байгаа машинууд нь энэ оныхоо хэрэгцээг бүрэн хангаж чадна. Үнэхээр шаардлагатай машиныг нь үлдээж, хэрэгцээгүй, илүү зардал гаргаж байгааг нь хураана. Хот дотор ийм автомашин хэрэглэхийг хориглоно гэсэн Ерөнхий сайдын шийдвэр зөв. Түүнээс биш Баян-Өлгий аймагт байгаа машиныг хурааж авчихаад хотод авчирна гэвэл маш их зардал гарна шүү дээ. Тиймээс хураахгүйгээр шатахууныг нь суудлын жижиг автомашиныхаар тооцож олгох зэрэг тодорхой үе шаттайгаар шийдэх ёстой. Магадгүй энэ жил "Ланд круйзер 200” автомашин авах шаардлагатай байгууллага байж болно. Тэр байгууллагад өнөөх шаардлагагүй газруудаас авсан машины аль нэгийг нь өгнө. Энэ бол бодит хэмнэлт, ийм замаар хэрэгжүүлэх нь арай үр дүнтэй юм уу гэж харж байна.

-2007 онд ийм арга хэмжээ авсан ч төдийлэн хэрэгжээгүй. Энэ удаа ч өмнөх шигээ үр дүнгүй болохгүй гэсэн баталгаа бий юү. Эсэргүүцэж буй байгууллага цөөнгүй байгаа гэсэн байх аа.

-Бодлогын шинж чанартай өөрчлөлт хийхгүй бол түрүүчийн удаагийнх шиг үр дүнгүй болох талтай. Тиймээс арай өөр арга зам олохын тулд судалгаа, шинжилгээгээ нягт сайн хийж байгаа. Сүүлийн 2-3 жилд бий болсон тансаглал, үргүй зардал гаргадаг байдлыг өөрчилж, зохих түвшинд аваачих нь чухал. Эхний ээлжинд сайд, агентлагийн дарга нарт хот доторх ажил үйлчилгээнд том оврын, туулах чадвар сайтай, шатахуун их зарцуулдаг автомашин ашиглаж, төсвийн үргүй зардал гаргахаа зогсоож, шаардлагагүй зарим машинаа Засгийн газрын авто баазын гараашид хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. Хүлээлгэн өгч буй байгууллага байна, эсэргүүцэж байгаа нь ч бий. Удахгүй доод шатных нь байгууллагуудад албан бичиг хүргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ