Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв баригдана
Өнөөдөр Монгол дахь Японы элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”- ийн гэрээнд гарын үсэг үзэглэх ёслол боллоо.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ш.Адьшаа тэргүүтэй холбогдох хүмүүс оролцов.
Энэ төслөөр Монголын баруун бүс нутагт жүдо бөхийг хөгжүүлэх, баруун бүсийн тулгуур төв болох Ховд хотод тухайн бүс нутгийн жүдогийн холбогдох хүмүүс болон спорт, биеийн тамирын салбарынхан хамтран ашиглах бэлтгэлийн төвийг шинээр барих юм.
Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд нийтдээ 92,278 ам.доллар /8,950,966 иен/-ы санхүүгийн тусламжолгох бөгөөд бэлтгэлийн төвийг нэг давхар, 362,39 мкв талбайтай байхаар төлөвлөгджээ.
“Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл” нь Японы Засгийн газрын “Sports for tomorrow” бодлогын хүрээнд хэрэгжих бөгөөд, энэхүү бодлогын хүрээнд Токиогийн олимп зохион байгуулагдах 2020 он хүртэл спортын салбарт Монголыг оролцуулаад нийт 100 гаруй улс орон ба 10 сая хүнийг хамруулсан олон улсын хэмжээний төрөл бүрийн үйл ажиллагаа явагдах юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлсэн үгэндээ: “Монголын жүдочдын амжилт олимп, тив дэлхийн тавцанд үнэлэгддэг. Тэр дундаа хөдөө орон нутгийн хүүхэд, залуус, тамирчид энэ спортоор хичээллэн амжилт гаргах боломж бүрдэх юм. Дараагийн олимпийн аваргууд мөн Монголоос төрөх болтугай” гэсэн юм.
Дашрамд хэлэхэд энэ төсөл нь Монгол “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй 5 дахь төсөл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ