Дуучин Нараг Хүчирхийллийн үндэсний төвд ажиллахыг урив
Тэрбээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилсэн бөгөөд энэ тухайгаа “Манай улсын иргэд, эмэгтэйчүүд тэр тусмаа хүүхдүүд хүчирхийллийн бай болж, амь насаа алдах, цаашлаад амьдрах итгэл найдвараа гээх явдал хэрээс хэтэрсэн их боллоо. Сүүлийн хэдэн өдрүүдэд ч биш аль дээр 20-иод жилийн өмнөөс нуугдмал, дарагдмал, хаагдмал байдалд өсөж үржсээр өнөөдөр харгис хэрцгий балмад явдлууд дэндүү эмгэнэлтэйгээр ар араасаа цувран хөвөрсөөр байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх газар яг юу хийдэг вэ? Хүчирхийллээс хэрхэн яаж сэргийлж байна вэ? Бас яагаад өдрөөс өдөрт хүчирхийллийн тоо, хохирогчид нэмэгдсээр байна вэ гэдэг эдгээр асуултад ард иргэдэд бодит хариу өгөхийг хүсэж байна. Түүнчлэн хүчирхийллийн бай, хохирогч болох магадлалтай доорх зурвас бүхий тусламжуудыг анхааралдаа маш яаралтай авч дахин монгол хүний, Монгол Хүүхдийн Эрдэнэт Амь эрсдэхгүй байхын төлөө хариуцлагатай арга хэмжээг яаралтай хийхийг хүсэж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.
Хариуд нь дээрх төвөөс дуучин Нарад: ТАНЫГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВД ИРЭХИЙГ УРЬЯ. “Та Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг юу ч хийхгүй байна гэж баахан асуулт тавьж. Энэ асуултаа төрд тавьж, төрөөс хариуцлага шаардахгүй дээ. Төрийн үүрэх ёстой ачааг 20 жилийн турш үүрч ирсэнийг мэдэх нэг нь сайн мэднэ. Бид давтан ирсэн тоог оролцуулахгүйгээр нийт 13956 хүнд үйлчилгээ үзүүлж, олон хүний амь нас, эрүүл мэндийг аварсан. Одоо төрөөс хийгдэж байгаа энэ бүх алхмуудыг бий болгохын төлөө юу ч үгүй ор хоосноос эхлэн өчнөөн эсэргүүцэл, бэрхшээлийг туулж ирсэн. Гэхдээ бид хэзээ ч хүний зовлон дээр шоу хийдэггүй, чимээгүй хэрнээ тууштай ажилладаг. Төрийн олигтой дэмжлэггүй орчинд, хуулийн хангалттай зохицуулалтгүй тогтолцоонд бүгдийг шинээр бий болгон нэвтрүүлж ажиллаж байна. Төр даанч дүлий, сохор, үүнийг чухал гэж үзэхгүй байгаа учраас бид бүх хүнд хүрч чадахгүй байна. Бид жилийн 365 өдөр хохирогчийг хамгаалахын төлөө шантралгүй ажилласаар эхний алхмуудыг тавьсан юм шүү. Та ирээд үз. Долоо хоног бидэнтэй хамт ажиллаад үз. Халуун цэг дээр улаан гараараа яаж тэмцэж байна вэ гэдгийг мэдрээд нэг үз” гэжээ.
Ийнхүү дуучин бүсгүйг дуэльд дуудсан бөгөөд Нара ч тус төвд очиж ажиллана гэдгээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ