Хог буртагаасаа тэд хэрхэн салав?

Швейцарт хөл тавьсан жуулчид байгалийн сайхан болоод өчүүхэн ч хог буртаггүй цэвэр цэмцгэр ахуй орчинд нүд алдаж, яаж, хэрхэн гэх асуулт өөрийн эрхгүй тавьдаг аж.

Дэлхийн олонхи улс орон өнөөдөр хог хаягдлаа ялгаж ангилдаг нийгмийн системтэй болсон бол харин Швейцарт энэ системийг бүр чинээнд нь тултал хөгжүүлжээ. Ангилж, ялгаж болох бүхэнд энд хүн бүр онцгой анхаарна. Үүнийг хүн бүрийн тэгш оролцоотой жинхэнэ ардчилал гэж үзэж болох ч нөгөө талаас ямар ч эсэргүүцэл, маргаан гарах ёсгүй өчүүхэн ч ардчилалгүй систем гэж үзэж болох юм. Хэрвээ эсэргүүцэж элдэв санал гомдол гаргавал торгууль төл.

Цэвэр тухтай орчинд аж төрөхийг хүсэхгүй хэн байхав. Зөвхөн Хельветикийн Холбоонд үйлчилдэг ёс суртахуун чухам энэ юм. Бүх нийтээрээ дээдэлдэг энэ суртахууны дагуу баян чинээлэг ямар ч хүн хувийн ашиг сонирхлоо хуулиас дээр тавих ёсгүй. Үнэтэй тансаг автомашинаас хуванцар сав, лонх шил барьсан буух эрхэмүүд хог хаягдал тушаах цэг дээр очих дүр зураг ердийн үзэгдэл бөгөөд шилэн лонх савны 90 хувийг буцааж үйлдвэрт нь тушаадагаар Швейцар улс дэлхийд тэргүүн байр эзэлдэг аж. 1972 оноос хэрэгжиж эхэлсэн шил сав, лонх дахин боловсруулах энэ хөтөлбөр өнөө хүртэл үр дүнгээ өгсөөр иржээ. Иргэд шил, лонх тушаахдаа эргээд төлбөр авдаггүй бол зөвхөн шар айрагны зарим нэг шилийг дэлгүүрт эргүүлэн өгвөл зохих хэмжээний төлбөр гардаг байна.

Харин шил сав, лонх тушаахдаа бөглөө таглааг нь авч, шилний өнгөөр нь ялган савлах ёстой, тухайлбал бор, ногоон, цагаан өнгийн шил тус тусад нь савладаг аж.

Энэчлэн бусад хог хаягдлыг ч ялган ангилахад тусгай журам үйлчилдэг, тухайлбал ердийн цаасыг картоноос тусад хүлээн авч дахин боловсруулдаг байна. Тус улсын нийт сонин хэвлэлийн гуравны нэг хэсэг эргээд хоёрдогч түүхий эд хүлээн авах цагт очдог аж.
Цахилгаан цэнэг хураагуурын ашигласан зайг хэн ч хогийн саванд хийнэ чинээ санадаггүй, тиймээс ч Швейцарт худалдаалсан нийт зай хураагуурын 60 хувь хог хаягдал болдоггүй байна.

Тэрчлэн РЕТ буюу хуванцар лонх, ахуйн хэрэгцээний хуучин цахилгаан хэрэгсэл, барилгын хог хаягдал, өдрийн гэрлийн шил, консервны лааз (лаазыг өөрсдөө давтан хавтгайлсан байх ёстой), мөн үхсэн амьтан (газарт булахыг хориглодог учир хөлс төлж тушаах ёстой), ургамал, автомашины хаягдал тос (автомашины тосыг өөрсдөө солихыг хатуу хориглодог, авто цэнэглэх цэг дээр 50 франк төлж солиулах ёстой) гэх зэрэг тусад нь онцгойлон ангилах хог хаягдлын жагсаалт байдаг байна.

Энэ мэтээр бүх хог хаягдлыг ангилаж, боловсруулах үйлдвэрт шууд тушаахтөвөгтэй олон шат дажлага байдаг юм бол саванд шууд хийчих нь амар гэж гадныхан сэтгэх нь мэдээж. Гэтэл энэ тохиолдолд килограмм тутмаар үржсэн их торгууль төлөх хэрэг гарна. Учир нь хог хаягдлын уут бүрт татвар төлсөнийг гэрчлэх тэмдэгт нааж өгсөн байдаг аж. Таван килограмм хог хаягдал 2-3 франк (засаг захиргааны нэгж болох кантон буюу хошуу болгонд харилцан адилгүй үнэтэй). Тиймээс хүн бүхэн хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг рүү бүхнээ бариад очихоос өөр аргагүйд хүрдэг байна. Хуучин компьютер, хүүхдийн түрдэг тэрэг гээд хаяхаас өөр аргагүй бүх зүйл түүхий эд хүлээн авах цэгт очсон байх ёстой.

Жижиглэж савласан ууттай цайг (дүрдэг цай) хүртэл хэрэглээд хаяхад мөрдөх үлгэр жишээ журам байдаг аж. Уг журам ёсоор цайн зүүлт этикеткийг - картонд, харин уутыг нь - хуучин цаасанд, цайны идээг нь - бордоонд, төмөр үдээсийг нь металлд хаягдалд, утасыг нь мөн утсад нь гэж ялгах жишээтэй. Энэ бол наргиан биш шүү,Швейцарт бол яг ийм.

Тусгай тэмдэглэгээгүй уутандхогоо хийж хаях “мэргэн” ухаан зарсан этгээдүүдийг харин хогийн цагдаагийнхан дор нь олж илрүүлдэг бөгөөд сүүлийн үеийн технологиор бүх хогийг “шүүж” үзээд хог хаясан газрын тогтоож, гэм буруутанд өндөр торгууль ногдуулдаг байна. Тухайлбал нэгэн эр ажилдаа очих замдаа автомашиныхаа цонхоор хогоо гаргаж шидсэн явдлыг цагдаа нар дор нь тогтоож, үүнийг нь Цюрих хотын нэгэн сонин сенсааци болгож, нэг хэсэгтээ шуугиан тарьж байх аж. Энэ хэргийн эзэнд автозам дээр тарьсан хогийг нь цэвэрлэсний торгууль 6000 франк, хууль зөрчсөний төлөө 3000 франк, шүүхийн зардал чирэгдэлд 530 франкын төлбөр оноож, тэрээр нийт 9530 франкын хохирол хүлээсэн байна. Хоггүй цэвэр орчин бүрдүүлэхийн төлөө хүн бүр хичээж зүтгэдэг Швейцарт бол энэ мэт шийтгэл хамгийн хатууд тооцогддог аж. Ийм ёс зүй, суртахуунтай учраас арга ч үгүй биз.

Харин 80-аад оноос өмнө тус улсад байдал огт эсрэгээр байлаа. Тухайн үедээ “хогийн жуучлал” нэр аваад байсан, өнөө бол хөгтэй явдал гэмээр үзэгдэл газар аваад байсан бөгөөд гэр бүлээрээ автомашинаар аялж байгаа хүмүүс долоо, арав хоног хуралдсан бүх хогоо ачиж аваад очсон газар бүртээ хаядаг байсан тул “хогийн аялал” улс орныг бүхэлд нь хэрсэн байжээ. Зөвхөн Цюрих хотод гэхэд өдөрт 3000 тонн “эзэнгүй" хог хаягдал овоордог байсан учир засаг захиргааны бүх нэгж кантонуудад хогонд татвар ногдуулдаг болсон байна. Улс орны ирээдүй ч энэ үед тун бүрхэг байсан гэдэг.

Өнгөрсөн зууны 80-аад онд Швейцарийн байгаль орчин экологийн нөхцөл байдал түгшүүр төрүүлж байсан бөгөөд гол горхи, нуур ус бүхэн шахуу фосфат, нитратаар бохирдож, газрын хөрсөнд хүнд металл нэвчээд зогсохгүй асар их хог хаягдал байгальд хүч түрж байв. Эцсийн үр дүнд оршин суугчид нь өөрсдийн тарьсан хог, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай хаягдлаар бохирдсон агаарт амьсгал боогдож түгшүүрийн харанга цохисноор асуудлыг шийдвэрлэхэд ухаан зарж эхэлсэн аж. Тус улсын харьцангуй жижиг нутаг дэвсгэр дээр тэр их хур хогийг ухаж булах нүх ч олдохгүй байсан учир экологийн шинэ бодлого явуулах шаардлага юунаас илүү чухал байжээ. Харин шинэ бодлогоо хэрэгжүүлэхэд тэд хорин жил зарсаны эцэст зорьсондоо хүрч өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээрх экологийн хамгийн цэвэр улс орон болоод байна. Дэд бүтэц өндөр хөгжсөн, уулын цэвэр тунгалаг агаартай тус улсад өнөөдөр ямар ч нуур ус болоод ханын цоргоноос ус утган уухад болгоомжлох асуудал байхгүй аж.

Энэ амжилтын гол нууц юунд оршиж байна? Нууц гэхээргүй энгийн шалтгаан үүнд бий, тэд бол өөрсдөө төр улс. Швейцарчууд төрөө засахад суралцаж, амжилт үр дүнд хүрсэн нь өнөөдөр бэлхэнээ харагдаж байна. Бусад асуудал бол зөвхөн цаг хугацааных аж.
Хүн зорьсон л бол хүссэндээ хүрдэгийн тод жишээ энэ юм. Тиймээс хүн бүр ойр дотныхон, анд нөхдөө уриалан ухуулж, эх байгалийнхаа төлөө санаа тавих хүрээлэл бий болгомоор байна. Ядаж нэг нь ч гэсэн өөрийн тарьж байгаа хогонд сэтгэл зовдог болмоор.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ