Оросын арми 5 дахь үеийн супер танкаа хүлээн авна
Орос цэргүүд тав дахь үеийн ердийн танк төдийгүй хүнд хуягт тээвэрлэгч, артиллер, пуужин харвагч, мөн довтлогч робот хуягт техникийн үүргүүдийг нэг дор гүйцэтгэх ирээдүйн хуягт платформынхоо бетта хувилбарыг удахгүй хүлээн авна хэмээн RT агентлаг мэдээллээ.
“Урал вагон завод судалгаа, үйлдвэрлэлийн корпораци” таван жилийн турш хөгжүүлсэн Армата танкныхаа эхний ээлжийг үйлдвэрлэхээр болсон байна. Тэдгээр танкууд Оросын зэвсэгт хүчний 2015 оны захиалгад багтсан хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 20 нэгж платформыг аль хэдийн үйлдвэрлэсэн бөгөөд сургалтад зориулан цэргүүдэд хуваарилсан байна. Хэдийгээр энэ оны Ялалтын баяраар олонд харуулж магадгүй боловч тус платформын онцлог, харагдах байдал нь одоохондоо нууц гэнэ. Энэ шинэ зэвсгийг харах боломж “Оросын зэвсгийн үзэсгэлэн 2015”-аар гарч магадгүй.
Шинэ Армата нь цэргийн хуягт техникийн дизайн, үйлдвэрлэлийн сүүлийн 10 жилийн бүхий л шинэчлэлт, ололтыг нэгтгэсэн хэмээн мэдээлж байна. Энэ платформ 125 мм-ийн 2AB2-1 шинэ их буу бүхий автомат удирдлагат, хүнгүй цамхагтай байх гэнэ. Мөн их буу нь дэлхийн хамгийн шилдэг танкийн их бууны нэг, Германы Леопард-2 танкийн Рейнметалл 120 мм-ийн их буунаас давуу ажээ. Арматагийн 125 мм-ийн их бууны онч өнөөгийнхөөс 15-20 хувиар сайжирчээ.
Гэхдээ Оросын мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Армата платформ нь танкийнхувьд хамгийн хүчирхэг их буу болох, тусгайлан хөгжүүлсэн 152 мм-ийн их буугаар зэвсэглэж магадгүй юм.
Арматаг бүтээх болсон түүхээс дурдвал, энэ нь Т-95 хэмээх туршилтын танктай холбоотой. Оросууд Т-90 танкийн сайжруулсан загвар Т-95 буюу дөрөвдүгээр үеийн танкийг зэвсэглэлд нэвтрүүлэхээр саяхан болтол туршиж байв. Гэвч 2010 онд Т-95 танк бүтээх хөтөлбөрийг зогсоосон ажээ. Оросын БХЯ-ны мэдэгдсэнээр, Т-95 гэх тус танкийг бүтээх гэсээр 20-иод жил өнгөрсөн тул хэрэггүй эд болсон, иймд шууд дараагийн үеийн шинэ технологид суурилсан танк бүтээх хэрэгтэй болжээ.
“Армата” зэвсгээ бүрэн автоматаар цэнэглэх системтэй, бууны цамхагт нь хүн суухгүй бөгөөд гурван хүнтэй баг нь галт хэрэгслээс тусгаарласан хамгаалалтын бүхээгээс танкийг удирдах ажээ. Үүнээс харвал танкны удирдлага үлэмж автоматчлагдсан байх бололтой. Өмнөх үеийн Т-72, Т-80, Т-90 танкуудын нэг том дутагдал нь танкийн баг галт хэрэгсэлтэйгээ цуг байх тул танк сөнөөгдөх үед амь үлдэх боломж тааруу байсан юм. Харин “Армата”-д энэ сул тал үгүй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ