Хөдөөнөөс ирж машин хөлөглөсөн залуус аймшигт хэргүүд үйлджээ
Хөдөө орон нутгаас хотод оршин суухаар, мөн суралцахаар ирсэн хэсэг залуус бүлэглэн хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэж байжээ.
1988-1993 онд төрсөн эдгээр залуус 2011 онд Баянгол дүүрэгт уг хэргүүдээ үйлдэж эхэлсэн байна. Тэд бүлэглэн машинаар явж машиндаа бусдыг хүчиндэж, цүнх, гар утас, үнэт эдлэл, бэлэн мөнгийг нь авдаг, ганц нэгээрээ явж байгаа залуусыг зодож хувцас хунарыг нь дээрэмддэг байснаа хүлээжээ. Мөн шунахайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан хэрэг ч үйлдсэн гэнэ.
Тийнхүү бусдыг дээрэлхэж, доромжилж олсон эд зүйлсээ ломбардаж бэлэн мөнгө болгоод шоудаж, РС тоглодог, эрэгтэйчүүдээс дээрэмдсэн хувцсаараа гангардаг байжээ. Тэдний энэ харгис, жигшүүртэй үйлдлээс болж шөнө оройн цагаар зам дагуу ганц нэгээрээ явж буй эмэгтэй, дэлгүүр орохоор гэрээсээ гарч ирсэн бүсгүй, эхнэр нөхрүүд хохирчээ. Мөн хэтэрхий их зодуулж хууч өвчнөө сэдрээсэн нэгэн залуу харамсалтайгаар амиа алдсан байна.
Тэдний ихэнхи нь эцэг, эхтэйгээ амьдардаг байсан бөгөөд эхнэр, хүүхэдтэй залуус ч холбогджээ. Мөн зарим нь их сургуульд дөнгөж орсон шинэхэн оюутнууд байсан гэнэ. Тийнхүү ид хийж бүтээх, сурч боловсрох насан дээрээ жигшүүрт хэрэгт холбогдсон Т, Т, Б, Б, М, М нарын зургаан залууст Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, улмаар ял оноожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ