Назарбаевын экс хүргэн амиа хорложээ

Казахстаны төрийн тэргүүний хүргэн асан, тус улсаас Австрид сууж байсан экс элчин сайд Рахат Алиев Вена хотын нэгэн шоронд амиа хорлосон байдалтай олдсон талаар бид мэдээлсэн. Тэрээр 2014 оны зургаадугаар сарын 5-нд хүн амины хэрэгт буруутгагдан 40 жил хоригдох ялаар шийтгүүлсэн аж.

“Алиев өчигдөр өглөө 7.20 цагийн үед хоригдож байсан камерынхаа угаалгын өрөөнд дүүжлэгдсэн байдалтай олдсон” гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Түүнийг “амиа хорлох ямар ч сэжиг төрүүлээгүй” хэмээн хорих ангийн захиргаа баталж байгаа аж.

Рахат Алиев урт удаан хугацааны турш Казахстаны эрх мэдэлтнүүдийн нэг байсан бөгөөд түүнийг бизнес болон улстөрийн замаар амжилттай дээшлэхэд нь зөвхөн хувь хүний чадвар бус, харин түүний эхнэр буюу Казахстаны удирдагчийн том охин Дарига Назарбаева ихээхэн тусалсан байна.

2007 он хүртэл Алиевийн хувьд боломжгүй зүйл гэж байсангүй: тэрээр 1993 оноос хойш янз бүрийн дээд албан тушаалд саадгүй очиж чадсан аж. Харин 2007 онд Нурсултан Назарбаев өөрийн хүргэнээ Австрид суух элчин сайдаар илгээхээр шийджээ.

Төрийн тэргүүний энэхүү шийдвэр хүргэнийг нь тойрсон асуудлуудаас урган гарсан бололтой. Тухайн үед алга болсон зарим хүмүүсийн хэрэгт түүнийг хутгалдсан байж болох талаар ид яригдаж байсан аж. Түүнийг банкинд өөрийн хяналтаа тогтоохын тулд “Нурбанка”-ын топ-менежерүүд болох Жолдас Тимралиев, Айбар Хасенов нарыг хулгайлуулсан хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.

Түүний дараахан Алиевийг бүхий л албан тушаалаас нь зайлуулан, олон улсын эрэн сурвалжлах албаар зарлуулж, эхнэр нь түүнээс салсан байна. Алиев Австри улсаас орогнол хүсэн тэнд амьдарч байсан хэдий ч энэ нь Астанад саад болж чадсангүй.

2008 оны нэгдүгээр сарын 15-нд хүмүүс хулгайлсан хэрэгт түүнд 20 жилийн ял оноон, гуравдугаар сарын 25-нд төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон болон бусад олон хэрэгт буруутган, бүх эд хөрөнгийг нь хурааж, дахин 20 жилийн хорих ял нэмэн оноожээ.

Ингээд, 2014 оны зургаадугаар сарын эхээр Вена хотноо түүнийг баривчлахаас аргагүйд хүрсэн бөгөөд тэнд хоригдож байгаад өчигдрийн хэрэг явдал тохиолдсон аж.

Д.Билэгт

Эх сурвалж: www.TODAY.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ