Дарга нар машинаа өгөх дургүй байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин ашиглуулж байхыг үүрэгдсэн. Энэхүү ажлыг ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нар хэрэгжүүлэх ёстой ч энэ нь тийм амар хэрэг биш бололтой.
“Босс” унаандаа дассан дарга нар тэднийг эсэргүүцэж, машинаа өгөхгүй хэмээн зүтгэж байгаа гэнэ. Тэд Ерөнхий сайдын шийдвэрийг эсэргүүцэж албан хэрэгцээндээ том машинаа унана гэцгээж байгаа учраас уг ажлыг зохион байгуулахад ихээхэн хүндрэл учирч байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдэгдэв.
Төрийн байгууллагуудын дарга нар ихэвчлэн “Ланд 200”, “Лексус 470”, “Бенц” зэрэг машинууд унадаг. Өнгөрсөн онд гэхэд л автомашины ашиглалтын зардалд улсаас 19 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Түүгээр ч барахгүй сүүлийн гурван жилд гэхэд нийтдээ 197 автомашинаар төрийн албаныхан парк шинэчлэлт хийсэн гэх албан бус тоо байна. Мөн том жийпүүдийн зөвхөн нэгэнд нь л гэхэд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж буй нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс илүү шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг ТӨХ-ны дарга хэллээ.
Түүнчлэн 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашиныгаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ