Л.Тэрбиш: Зуд турхангүй жил болно
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Л.Тэрбиштэй ирж буй хонин жилийн өнгө хийгээд зурхайн ёсны талаар хөөрөлдлөө.
-Галзууруулагч хэмээх хонь жилийн босгон дээр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Төгс буянт зурхайн зурлагад ирэх хонь жил хэрхэн бууж байна вэ. Жилийн өнгө ноён, нуруу ямар байх бол. Шороон үхрийн шинжээр тодорхойлон уншигчдад маань танилцуулна уу?
-Өргөн олон уншигчидтай танай сонин болон сайтад мэдээлэл өгөх болсондоо тааламжтай байна. Монголчуудын мөрддөг Төгс буянт шинэ зурхайн зурлагад “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн байр байц дараах мэт буй. Үүнд: “Зурхайн ухааны эрхэм гол шүнгүүдэд “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилд хэвлийн халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохилдохын нигууртай” хэмээн зарлигласан. Учир иймд элдэв өвчний суурь болсон “тачаал, урин, мунхаг” хэмээх сэтгэлийн гурван хорыг боомтолж, өөр зуураа зохилдохын эерүү таатай шалтгааныг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй.
“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаачийн байр байц нь:
-Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй. Өвгөн хүмүүнээр төрийн өндөр суудалтан, залуусаар дунд зэрэг дэсийн түшмэл, харин нялхсаар нийт ард зоныг ичнээлэн илэрхийлэх зурхайн ёсон буй.
-Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матарын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.
-12 жилийг зөөлөн, хатуугаар ялган тодотгодог. Хонь жил зөөлөн жилд ордог. Гэтэл ирж буй хонь жилийн тодотгол нь “Галзууруулагч” гэсэн байх юм. Энэ нь хатуу жил болно гэсэн үг үү. Ер нь яагаад галзууруулагч гэсэн тодотголтой байгаа хэрэг вэ?
-Арван хоёр жилийг зөөлөн, хатуу; эр, эм; арга, билиг хэмээн хуваах нь буй. Хонин жил нь зөөлөн, эм, билиг болдог жил л. Гэхдээ арга, билиг, таван махбод хавсарсан жаран жилийн эх орчлын жил тус бүр нь хоч нэртэй байдаг. Сонгодог будддизмд хоч нэрийг “Онжод мин” буюу “Илт өгүүлэх нэр” гэдэг. Тэр нэр нь тухайн жилийн өвөрмөц содон чанарыг илтгэсэн байдаг. Энэ Модон хонин жил “Галзууруулагч” хэмээх илт өгүүлэх нэртэй. Тухайн жил бодгалууд хийн араншинтай санаа бодлоо сайтар шинжин эс боомтлоод, хийн араншинд нь хөтлөгдвөөс хийсэн үйл бүхэн нь ухаанаа алдсан галзуугийн аяг зангийн хаялга мэт болохыг илтгэж буй юм аа. Чингэхлээр элдэв үйлд чиг хандлагаа чухалчлан анхаарах хэрэгтэй. Чингэвээс чин сэтгэлийн үйл тань чухалчлан бүтэхийн нэг талыг бас энэ жилийн араншин харуулж байна аа.
-Ирж буй хонин жилд монголчууд нийтээрээ юуг анхаарах ёстой вэ?
-Өмнө дурдсанчлан сэтгэлийн чагтагыг бөхлөж, эв эеэ хичээхийг эрхэм болгох хэрэгтэй.
-Хонь жил үхэр жилтнүүдийн хувьд харш жил байдаг. Жилийн харшийг хэрхэн засдаг вэ. Үхэр жилтэй хүн болгонд тааруухан тусна гэсэн үг үү?
-Зурхайд буй эерэг, сөрөг үзүүлэлтийн нэг нь “Өнцөг долоо” юм. Өөрөөр хэлбэл, алинаас нь ч тоолсон долоо дахь нь бололцдог хоёр жил л дээ. Нэгэнт ийм болохоор үхэр жилтнүүд элдэв үйлд хянамгайлваас зохилтой юм. Нийтийн заслын ёсоор “Жанаггагдог” уншуулах ёстой гэдэг.
-Гарч буй хонь жилд Монгол Улсын маань хувь төөрөг таны зурхайд хэрхэн бууж байна. Төр амгалан бол түмэн олон түвшин сайхан байдаг болохоор ийн асууж байна. Морь жилд эхэлсэн гэх эдийн засгийн хямрал, эд мөнгөний хомсдол буурах өнгө аяс байна уу?
-Хонин жилийн өнгө, аясын талаар өмнө нэгэнт өгүүлчихсэн билээ. Улсын хувь заяа төөргийг урьдчилан гаргах арга ч байдаг л гэдэг. Гэхдээ ийм зурхайг гүрний эзний дуртгал айлдвараар гаргаж, гагц дуртгаачид учир жүмцанг өөрийн чадлын хэрээр мэдүүлэх хэрэгтэй хэмээн өмнийн номт мэргэн сартваахи нар айлдсан билээ. Учир юун хэмээвээс номт төрийн ёсноо энэ нийцтэй гэнэ. Түүнээс хэн нэгэн эгэл албат бээр гүрний талаар дэмий донгодох учиргүй. Харин түмэн олон амгалантай байгаасай хэмээн төрийн сүлдэндээ залбирч явбал болох нь тэр.
-Зурхайг Төгс буянт болон шар зурхай гэж хоёр хуваагаад байдаг. Энэ хоёр зурхайн зааг ялгаа юү вэ?
-Зурхайг одон хийгээд махбодын гэж хоёр хуваадаг юм. Монгол зурхай гэдэг нь монголчуудын хэрэглэсээр ирсэн одон болон махбодын зурхай л даа.
Шар зурхай гэж юм ертөнц дээр байхгүй хятадын хааны тоолол буюу хуанлийн тооллын зурхайг зарим нэг учир үл мэдэх хүмүүс “Шар зурхай” гэж хэлээд байгаа бололтой юм. Тэр нь “хуань” гэсэн ханз үсэг нь “Хаан”, “Шар” хэмээн хоёр янзаар орчуулагддагийг л “Хаан” гэдгийг нь эндүүрч, будилаад “Шар” хэмээн орчуулсан нэгэн молхи хүдэг орчуулагчаас уршигласан биз дээ. Харин хятадад хэрэглэдэг зурхайг манай мэргэд “Алтан зурхай” гэдэг юм. Алтан зурхай бол хааны тогтоосон хууль цаазын ёсоор зохицуулагддаг зурхай л даа. “Хамар ихтийн нус их. Ханцуй ихтийн нудрага их” хэмээсэн хуучны үг байдаг. Хятад үндэстэн их үндэстэн учраас хуучин уламжлалаа ягштал баримталж эртний хаадынхаа цаазаар тогтоосон тооллыг баримтлан “Хуанли” гарган мөрдөж буй нь гайхамшигтай хэрэг.
Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:
Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.
Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.
Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой” хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу. Тиймээс энэ бичгийг бас “Худам монгол бичиг” гэх нь буй.
Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.
Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гариг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчид эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гариг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гариг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.
Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гариг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.
Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.
Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.
-Цагаан сар бол монголчуудын эртнээс уламжилж ирсэн баяр. Өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, ахан дүүсээрээ уулзан учирдаг энэхүү баярыг хөл ихтэй тэмдэглэдгээс болж, хүмүүс тээршаах, зардал чирэгдэл ихтэй гэж ад үзэх нь бий. Залууст хандан цагаан сарыг хэрхэн зүй зохистой тэмдэглэх талаар зөвлөгөө өгнө үү. Цагаан сарын билэгдэл нь юү вэ?
-Цагаан сарын сарын бэлгэдэл нь сэтгэлийн цагаан юм. Сайн бүхнийг даган баясах нь хамгийн чухалтай. Ер ганцхан цагаан сар ч биш аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг ид хаваар гайхуулах үзмэр болгомооргүй байгаа юм. Таны хэлдгээр ахас ихэс, аав, ээж, ачит багш нараа хүндэтгэн баясгаж, энхрий бяцхан хүүхэд багачуудыг баярлуулахыг эрхэмлэвэл зүйд нийцнэ. Заримууд цагаан сарын эрхэм ёсыг их нүсэр төвөгтэй мэт харагдуулахаар оролдон буй нь сайхи баярыг шамшаан мөхөөх гэсэн явуургүй бодлого ч байж магад... Тийм учраас л таны хэлдгээр “хүмүүс тээршаах, зардал чирэгдэл ихтэй гэж ад үзэх” маяг ч цухалзах боллоо.
-Шинийн 1-ний өглөө хүн бүр мөр гаргах учиртай юү. Зарим хүн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөр гаргалгүй гэрийн эзэн зам мөрөө зөв засчихвал болно гэдэг. Энэ зөв үү?
-Шинийн нэгний өглөө гэрийн эзэн, өрхийн тэргүүлэгч нар мөрөө гаргадаг нь хуучны ёсон.
-Шинийн 2-ны сарыг харсан хүн азтай байдаг. Тэр өдрийн сар руу хэтэвч, түрийвчээрээ даллавал мөнгө дууддаг гэх юм. Ийм ёсон бий юү?
-Сар хараад азтай болдгийн учрыг мэдсэнгүй. “Монгол хүмүүн бэлгээрээ” гэдэг болохоор “хэтэвч, түрийвчээрээ далладаг” нь өөр гүрний ёсон байж мэдэх юм...
-Нэгэн үе монголчууд цөмөөрөө ганц таны зурсан зурлагыг дагаж мөрддөг байсан. Харин сүүлийн жилүүдэд зурхай зурдаг хүн олон болжээ. Энэ жил л гэхэд таны зурсан цаг тооны бичиг гараагүй байгаа гэсэн. Гэтэл таны нэрээр бизнес хийж буй хүмүүс цөөнгүй байна гэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Үеэ өнгөрөөсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гариг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюунт шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн” нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн боддог. Миний бие “Таван Богд ХХК”-ны Ц.Баатарсайхан захиралтай тохиролцож, “Улаанбаатар принт” хэмээх нэртэй хүчин чадал сайтай хэвлэх үйлдвэрт зохиогчийн эрхээ өгч хэвлүүлнээс хойш олны хэрэгцээ хангах чанартай цаглабар гарч байгаад сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс ч “Цаглабар тань чанартай болжээ” гэж намайг омруутуулан алдахад тэр хэвлэх үйлдвэрийнхэнд талархацгаа хэмээдэг. Тэр хэвлэлийн компанитай байгуулсан гэрээн дотор “Архи, тамхи, садар самууныг сурталчилсан зар сурталчилгаа гаргаж болохгүй” хэмээн хатуу заасан байгаа. Бас цаглабарыг хэвлэх, зарах, тархаах зэрэг бизнесийн үйл ажиллагааг тэр компани хариуцаж ашиг орлогоо ч тэд хүртдэг. Харин судлагаа шинжилгээний бүтээлийнхээ эрх шилжүүлсэн хэмээн надад болмжийн хэдэн төгрөг өгдөг юм аа. Энэ жил ч мөн “Улаанбаатар принт” надтай байгуулсан гэрээний дагуу цаглабарыг чанар сайтай хэвлэж нийтэд тарааж байгаа юм байна. Зохиогчийн эрхтэй холбогдсон хяналтыг тэр компани хариуцаж, эрх зөрчигчдөд зохих хариуцлага оногдуулж байдагт талархахаас өөр аргагүй. Миний гаргаж буй цаглабар монгол зурхайн мадаггүй тооцоолон бодох аргаар зохиогдсон тул монголчуудыг тийн дагаж мөрддөг болов уу хэмээн боддог. Хөдөөнийхөн миний цаглабарыг сайтар мөрддөг гэцгээдэг. Ямар сайндаа л тэд намайг ханын толгойд дүүжлээтэй байдаг хүмүүн гэх вэ дээ. Цаглабар минь эргэх дөрвөн цагийн улиралд малчдын ханын толгойд хавчуулаастай байж хавтай үйлд нь хэрэг болдогоос л тэр.
Үүнийг уншигч эрхэм абугай нар ирэх жилдээ аз жаргалаар бялуурч, амжилт бүтээлээр бялхаж яваарай! Сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ