Өнгөрсөн онд 8-17 насны 115 охин хүчингийн гэмт хэрэгт өртжээ
Өнгөрсөн онд 1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г баривчилж багагүй шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс байж болох газруудыг ньтогтоож, шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байдаг.Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан юм. Хамгийн сонирхолтой нь хүчингийн гэмт хэрэг үйлдэгч тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй байсан. Гэмт этгээд 2 хүний аминд хүрч,насанд хүрээгүй 4 хүүхэд хүчирхийлсэн гэдгээ хүлээгээд байгаа.
Ер нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид болж хувирсан нь нийгэмд түгшүүр бий болгоод байгааг нуух юун. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүд, охиддоо тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэйг хуулийнхан анхааруулсаар байна.
Нэгэн тоо баримт дурдахад, өнгөрсөн онд хүчингийн гэмт хэрэг 301 гарсанаас 8-17 насны 115 охин хүчиндүүлсэн байна. Хүчиндэх төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Хамгийн аймшигтай бэлгийн хүчирхийллээс болж үхэж, эндсэн нярай, ураг их байгааг Шүүх шинжилгээний эмнэлгийнхэн онцолж байна.
“Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрахаас охидын хүчирхийллийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Танай зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдэд яг ямар тусламж, үйлчилгээг үзүүлдэг вэ?
-Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эхний ээлжинд тухайн хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна гэдгийг тодорхойлно. Хамгийн гол нь нөхөн сэргээх үйлчилгээн дээр анхаардаг. Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараах сэтгэлзүйн гэмтлийг нь яаж эмчлэх вэ, ямар арга, аргачлалаар хэнээр дамжуулж хийх вэ гэдэг дээр түлхүү ажилладаг. Дээрээс нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг бүлэг болгоод дунд нь нийгэмшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Адаглаад парк дээр тоглуулж, кино үзүүлэх, сайхан бүхний талаар ярилцлах зэрэг нөхөн сэргээх аргачлалуудаар дамжуулж үйлчилгээ үзүүлдэг.
-Танайд хандаж байгаа хохирогчид ихэвчлэн хэдэн насны байх уу?
- Бид насанд хүрээгүй хүүхдүүдтэй түлхүү ажилладаг. Өөрөөр хэлбэл 14 хүртэл насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг.Цөөхөн хэдэн тохиолдолд насанд хүрсэн эмэгтэй ханддаг. Гэхдээ тэдэнд үйлчлэх байдал арай өөр. Санхүүжилт бол 100 хувь гадных.
-Ер нь хохирогчдод үйлчилгээ үзүүлнэ гэдэг их өртөг өндөртэй байх?
-Маш их өртөг өндөртэй. Адаглаад эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, хууль эрхзүйн үйлчилгээ зэрэг шаардлагатай байдаг. Мөн хүн тус бүрт ажилчин харьяалагддаг.
-Хоргодох байраар хангаж өгдөг үү?
-Хамаатан садны хүчирхийлэлд өртөөд хүчирхийлэгчтэй хамт амьдрах шаардлагатай бол хамгаалах байраар хангадаг. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хамгаалах байраар хангуулахаас өөр аргагүй байдаг. Гудамж талбайн хүчингийн хохирогчид ихэвчлэн гэр бүлдээ байж байдаг.
-Танайд хандсан хохирогчдоос хамгийн бага нь хэдтэй вэ?
-Таван настай хохирогч бий. Бага насны хүүхдийг ихэвчлэн ураг төрлийн хүн нь хүчирхийлсэн байдаг. Манай үйлчилгээ үзүүлсэн хохирогчдод хийсэн судалгаагаар 68 хувь нь ураг төрлийн хохирогч болсон байдаг. Өсвөр нас болоод ирэхээр болзооны хүчингийн хохирогч болох магадлал өндөртэй.
-Хамгийн гол нь танайд хандаж байгаа хүүхдүүдийг хохироосон этгээд ялаа аваад явдаг биз дээ?
-Зарим тохиолдолд ял завших зүйл байдаг. Учир нь гэр бүл нь өөрөө тухайн хүчирхийлэгчээс бүрэн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, санхүү, гэр бүлийн нэр төрөөс шалтгаалаад хохиролгүй гэх зүйл гардаг.Хамгийн гол тухайн хүчирхийлэгчээс эдийн засгийн хувьд хамааралтай гэр бүлийн хувьд их хэцүү байдаг. Тиймээс аль аль талыг нь бодох хэрэгтэй байдаг. Зарим тохиолдод бид нэхэмжлэгчээр орох хүртэл шаардлагатай байсан. Учир нь нэхэмжлэх хүн байхгүй ээж нь архины бүрэн хамааралтай байсан.
Тухайлбал, гурван хүүхэдтэй гэр бүл байсан. Гэтэл хойд аав нь өргөмөл охиноо хүчирхийлчихсэн байсан. Тэгээд бүх процесс явагдаад 17 жилийн ял авсан. Гэтэл бусад үлдэж байгаа хүүхэд, ээж маш хэцүү болсон. Тэр хүмүүст хүртэл төрийн үйлчилгээ хүрэх шаардлагатай болсон. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бэлгийн хүчирхийллийн хуульд тусгайлсан бодлого шаардлагатай. Бодлогоор энэ асуудлыг зохицуулахгүй бол жил 200-300 хүмүүс бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм байна. Энэ бол нийгмийн нэг хэсэг л хүмүүсийг хамарсан асуудал хэмээн орхиж болохгүй. Энэ хэрэг цаанаа маш их сөрөг үр нөлөөтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ