Багшийн дээдийн танил өвөө
Г.БАТ-ӨЛЗИЙ
Багшийн дээд буюу МУБИС-ийн дэргэдэх нүхэн гарцны дэргэд өвөл, зунгүй эмийн ургамал зарж суудаг нэгэн өвөө бий. “Эгэл хүмүүн” булангийн анхны зочноор танихгүй хэрнээ таньдаг ч юм шиг энэ өвөөг бид уншигчиддаа танилцуулахаар урьсан юм.
Түүнийг М.Содном гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн. Тэрээр 20 гаруй жил эмийн ургамал судлаж байгаа нэгэн. Тэрээр 1959 онд Хөвсгөл аймгийн Галт суманд Магсаржавын хоёр дахь хүү болон мэндэлж араасаа долоон эмэгтэй дүү дагуулсан ачтай хүү гэнэ. Бага насаа Галт сумандаа өнгөрүүлж, 1976 онд наймдугаар ангиа төгсөөд Мөрөнгийн овоон ТМС-д суралцаж хөрөө арамчин болжээ. Энэ өвөөармид алба хааж явахдаа байлдагчаас ахлагч, бага дарга, халагдаж ирээд бригадын дарга, мод бэлтгэгч, заводын эрхлэгч, сумын иргэдийн хурлын дарга гээд эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг шиг амьдралд хийж болох бүх албыг хашсан байна.
Одоо хоёр хүү, хоёр охинтой, ач зээ нийлээд арав гаруй болж өнөр өтгөн айлын эзэн. Энэ амьдралд түшиг тулгуур нь болж байгаа хүн нь яах аргагүй гэргийгээ гэж танилцууллаа. М.Содном гуайн гэргий Цэндсүрэн малын эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ нутагтаа ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан ч сурч мэдэхээс буцдаггүй, байнга ном сонин цуглуулж, уншиж суудаг гэсэн. Тэрээр дөрвөн хүүхдээ эрдэм мэдлэгтэй хүн болгохыг хичээж энэ зүтгэлдээ хүрч явна хэмээн сэтгэл дүүрэн хэлж байлаа.Бага охин ньбиологич мэргэжилтэй, бага хүү нь физик, математикийн мэргэжлээр суралцаж байгаа гээд өөрийнх нь хийж байгаа ажилд ойрхон мэргэжлийг сонгосон нь өвөөг баярлуулжээ.“Миний хүүхдүүд хийж байгаа ажлыг минь үргэлжлүүлэх байх. Гэхдээ над шиг эмийн ургамлуудаа гялгар уутанд хийчихээд зарахгүй байх, энэ ажлаа илүү боловсронгуй болгох байх” гэж ярив.
ӨӨРИЙН ӨВЧНИЙГ АНАГААГААД ӨРӨӨЛИЙНХИЙГ...
М.Содном гуай залуудаа уушгины өвчтэй байж. Юм л болвол хавар намартаа хатгаа авчихдаг. Тэр нь явсаар уушгиа гэмтээсэн гэнэ. 1984 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очоод нэгэн эмийн ургамал хэрэглэж өвчнөө бүрэн эдгээж чаджээ. Энэ цагаас тухайн үед уусан энэ ургамлыг өөр юунд хэрэглэж болохыг сураглаж,ахмад настнуудаар заалгаж,сонирхолдоо хөтлөгдөн судалж эхэлсэн байна. Тэрээр эмийн ургамал авахаар ирсэн хүн бүрт нэгбүрчлэн тайлбарлан өгч, яаж уух хуваарийг нь сануулж байлаа. “Сумынхаа нэртэй маарамбаас эмийн ургамлын тухай ихийг сурч мэдсэн. Яаж хэрэглэдэг, юунд ямар жороор уудаг, ямар ургамал нь ямар өвчнийг анагаадаг гээд нарийн судалсан юм. Нууц жоруудыг өвлөж авсан гэх үү дээ. Надад сурч мэдэх эрмэлзлэл их байсан. Би багаасаа л их сониуч хүүхэд байсан. Энэ зан маань миний энэ хийж байгаа ажилд их хэрэг болсон доо. Анх 1996 онд хотод ирээдардын эмнэлгийнхэнтэй танилцаж эхэлсэн. Тэдний захиалсан ургамлуудыг2013 он хүртэл нийлүүлж, түүнээс хойш өөрөө зарах болсон юм. Одоо байнгын үйлчлүүлэгч олонтой болсон. Гадаадын хүмүүс хүртэл эмийн ургамлынхаа нэрийг барьчихсан ирдэг болсон. Үр дүн эдгэрэлт сайн байна гэдэг. Би л эндээ сууж байвал хүмүүс ирээд л авчихна. Манай нутаг хамгийн чийглэг уур амьсгалтай учир ургамлын ургах чадвар сайн байдаг.10-20 хоногт ургадаг,258 төрөл зүйлийн эмийн ургамалтай гэж судлагдсан байдаг юм. Үүнээс бид 100 гаруйг нь ашиглаж байгаа. Судлагдаагүй ургамлууд ч бий. Хүмүүс голдуу бөөр, ходоод, нойр булчирхай, элэг цөс, хортой хоргүй хавдар, бэртэнгийн талын ургамал худалдаж авдаг юм. Ийм өвчлөл нийгэмд зонхилж байна гэсэн үг л дээ. Бэртэнгид сайн давсан хэмээн төвд номын эмийн сударт орсон гол ургамал байдаг юм. Олон жил болсон ясны бэртэнгид энэ ургамлын эмийг уугаад зүгээр болдог. Хүмүүс олон зүйл уух биш хамгийн гол нь авсан ургамлаа зааврынх нь дагуу цагт нь зөв хэрэглэвэл эмийн үйлчилгээ сайн байдаг” гэж тэрээр ярилаа. Өвөөгийн зардаг ургамлууд 1000-20 мянган төгрөгийн үнэтэй.Тухайлбал, ховор ургамал болох элэгний вирус устгадаг шүүдэрхэн цэцэг, элэг нөхөн төлжүүлдэг удвалцэцэг гэсэн ургамлууд хамгийн үнэтэй буюу 20 мянган төгрөг.
ЗӨВХӨН ӨНӨӨДРИЙГ БИШ МАРГААШ, НӨГӨӨДРИЙГ ХАРЖ АМЬДАРСАН
М.Содном өвөө зүгээр суудаггүй хүн бололтой. Сумандаа 2005 онд “Тайж нөхөрлөл”-ийг үүсгэн байгуулж 22 өрхийн 80 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Үүнд тэтгэврийн насны зургаа, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс байгаа мөн нэлээд хувь нь малчин өрх байдаг юм байна. Малчин өрхүүднь уул ус, гол мөрөн, ойн сан, усны эх, ургамал амьтан зэргээ хамгаалах гол зорилготой ба тэд малын орлогоос гадна эмийн ургамал түүж бэлтгэсэн орлогоосоо зохих хэмжээгээр хувь урамшуулал авдаг юм байна. М.Содном гуайн зарж байгаа эмийн ургамлын тодорхой хувь нь сумынх нь ард түмний амьжиргаанд хувь нэмэр болдог ажээ. Тэрээр Богд уулын орчмоос нэг ширхэг дэрс ч авдаггүйгээ хэлээд орон нутагтаа хураамж, татвараа төлдөг гэнэ.
М.Содном гуай анх Нарантуул зах дээр наймаагаа эрхлэх гэж үзжээ. Гэтэл тэнд эмийн ургамал зарж байгаа хүмүүсийн тайлбар нь өөрийнх нь жортой таарч өгөхгүй зөрчилдөөд байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс арай өөрөөр буруу хэрэглүүлээд байх шиг санагджээ. Тиймээс ер нь төв зам дагуу гаръя гэж бодоод энэ байршлыг сонгосон гэлээ. “Энд ажил албандаа яарсан хүмүүс оюутан залуус гээд хөл хөдөлгөөн их байдаг. Амьдрал эрээнтэй бараантай байдаг л юм. Эдийн засгийн хямрал, хүүхдүүдээ сургах банкнаас авсан зээлээ төлж чадахгүй гээд олон шалгуур гарч ирнэ. Гэхдээ энэ бүхнээ уйгагүй хөдөлмөрөөр даван туулсан даа. Надад зорилго байсан. Зөвхөн өнөөдрийг харалгүй маргааш, нөгөөдөр гэх мэт алсын хараатай амьдарсан минь зорилгоо биелүүлэхэд тусалсан гэж боддог. Намайг энд ирэхгүй болохоор үйлчлүүлэгчид маань утасдаад байдаг юм. Энэ бол тэдний итгэл шүү дээ. Тэр итгэлийг алдчихгүй юмсан гэсэндээөглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл эндээ сууж л байна” гээд бидний яриа өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ