Хятад, Солонгосоос 4420 ажилчин оруулж ирэх санал гарган, монголчуудаа ад үзэж байна

Улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37 мянгад хүрчээ. Цаана нь бүртгэлд хамрагдаагүй ажилгүйчүүд хэд байгааг нарийвчлан тооцох аргагүй бололтой. Ямартай ч ажилтай орлоготой болгох хөтөлбөр төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Засгийн газраас 2012-2016 онд 150 мянгаас доошгүй ажлын байнгын байртай болох зорилт тавьсан. Гэвч энэ зорилтын үр шимийг хүртэх ёстой хүмүүс Хятад ажилчдад ажлын байраа алдаад байвал бухимдаж таарна.

Зөвхөн нийслэл хотод өнөөдөр 15800 орчим ажилгүйчүүд лааз өшиглөөд харайж явна. Тэдний 6700 гаруй нь дипломын болон баклаварын дээд боловсролтой. Мөн 1100 орчим нь тусгай дунд мэргэжил эзэмшсэн залуучууд. Эдгээр хүмүүсийн нэлээд хэсэг нь Хятадаас манай барилга дээр ирж ажиллаж буй шаварчин, будагчин, өнгөлгөөчин, өрлөгчингийн мэргэжилтэй гээд бодоод үз дээ.

2011 онд Засгийн газрын 376 дугаар тогтоол гарч, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь хэмжээг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй орны иргэд Монголд ажиллаж байна. Тэдний дийлэнх нь Хятадууд.

Аливаа юм зөв зохистой хэмжээ хязгаарт захирагдахгүй бол замбараагаа алдаж, эцэст нь иргэдхохирдог. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, их бүтээн байгуулалт өрнөж буй нь ажилгүй хүмүүсээ ажилтай байлгах алтан боломж гэлтэй. Гэтэл гадаадаас ажиллах хүч авах квот гэгчийг далимдуулан монголчуудаа барилгын ажил руу бараг зүглүүлэхгүй нь бололтой.

Саяхан Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас удирдлагууддаа, улмаар Засгийн газрын түвшинд Хятад, Солонгосоос ажиллах хүч авах санал боловсруулж өгчээ. Урьд нь тус газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцож байгаа компаниуд Засгийн газрын 107, 145 дугаар тогтоолын дагуу /гадаадаас ажиллах хүч авах квот тогтоох/ саналаа өгч, квот тогтоосон юмсанж. Эхний саналаар тэдгээр компаниуд нь нийтдээ 3750 ажилчин гаднаас авахыг хүссэн ч зөвшөөрлийг олгохдоо нийтдээ 1650 хүн гаднаас авч болохоор заасан бөгөөд үүнийх нь дагуу өнгөрсөн онд Өндөрбуянт 100, Бэрэн групп 200, Заг групп 50 хятад ажилчин оруулж иржээ. Тэгвэл гэр хорооллын хөгжлийн газраас санал болгосноор энэ онд төсөл хэрэгжүүлэгч 13 компанид нийтдээ 4420 ажилчин гадаадаас ирүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд ажилгүй гунхаж яваа тусгай мэргэжилтэй 1100 залуучуудаас даруй дөрөв дахин их тоо болж буй аж. Ингэж манай дарга нар Хятадуудыг сүрэг сүргээр нь оруулж ирээд “Ажилтай орлоготой монгол хүн” хэмээх үлгэрээ үргэлжлүүлэх гэж үү. Үүнийг хотын захирагч Э.Бат-Үүл лав дэмжихгүй байх. Тэрбээр, үндэсний боловсон хүчин, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг байн байн яриад байгаа. Гэвч доодчуул нь монголчуудаа ад үзэж, Хятад, Солонгосуудыг шүтээд байдаг юм байна.

Б.Отгонбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ