“Таван өнгийн хадаг”-ны мөн чанар

Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.

Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг: Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.

Шар хадаг: Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг: Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг: Дэлгэрэн арвижихын билэгдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ