Ж.Наранцацралт агсан нар жаргахаас өмнө наадам өндөрлүүлсэн түүх

Монгол Улсын ерөнхий сайд асан Жанлавын Наранцацралт асан бөхөд мөн ч элэгтэй нэгэн байлаа. Дуу хуурын нутагтаа бөхийн хийморийг эргүүлэн дуудаж, улсын цолтон олноор мэндлэх үүд хаалгийг тэрбээр цэлийтэл нээж өгсөнөөрөө гавъяатай нэгэн.

Ж.Наранцацралт дарга улсын наадмын зохион байгуулах хорооны даргаар нэлээд хэдэн жил ажиллаж, нээлтээс нь авхуулаад өндөрлөтөл бүх хариуцлагийг хүлээдэг байж. Гэтэл "Хоёр Эрдэнэ" үзүүр түрүүнд үлдээд, тэд их удаан барилдаж, сүүлдээ бүр зуны нарыг жаргахыг үзэж байж давалцдаг боллоо. Улсын наадмын үзүүр түрүүны хоёр бөх дөрвөн цаг гаруй тулаад зогсоход, үзэгчдэд үзэх юм үнэндээ алга болоод нойр нь хүрээд эхэлнэ. Төр засгийн удирдлагууд ч наадмаа хаагаад гэртээ харих нь зүй...

Нараа даргыг наадмаа удаалаа ч гэж хүмүүс үг хаяж эхэлж гэнэ. Ингээд нэгэн арга сүвэгчилжээ... Дарга наадмын өмнөхөн Сүүж уулын амралтанд буугаад мордохдоо дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй хэдэн үг сольжээ.

"Энэ жил наадам яг 19 цаг гэхэд өндөрлөх ёстой. Үгүй бол ерөнхийлөгч наадмын асрыг шууд орхиод гарна. Учир нь 19 цагаас өөр төлөвлөсөн албан ёсны ажлууд байгаа юм билээ" гэж хэнэгч үгүй хэлэхэд нь Б.Бат-Эрдэнэ аварга итгэж ядан "Тийм үү" гээд хоцорчээ.

Ингээд наадам ч эхэлж, үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ аварга үлддэгээрээ үлджээ. Тэр жилээ Д.Сумъяабазартай үзүүр түрүү булаалдсан юм. Сумъяабазарын хоёр дахь үзүүрт хүрсэн барилдаан байж. 19 цаг дөхөөд иртэл Б.Бат-Эрдэнэ аварга төрийн өндөрлөгүүдийн суусан индэр тийш байн байн хараад байгаа юм шиг Ж.Наранцацралт даргад санагджээ. Гайхалтай нь аварга яг 19 цагт өрсөлдөгчөө өргөж шидэн даваад, төрийн өндөрлөгүүдийг гараад явчихаас өмнө гэсэн шиг яаравчлан индэр рүү алхсан.

Энэ тухай Ж.Наранцацралт "Б.Бат-Эрдэнэд би наадам удаахгүйн тулд тэгээд зохиогоод хэлчихсэн юм. Ер нь 19 цагаас наадам өндөрлөхөөр төлөвлөсөн байдаг ч дандаа оройтдог. Үүнийг л цэгцлэх гэснийг аварга тэгж биелүүлсэн" гэж ярьж байж билээ. Ингэж л улсын наадмын түрүү бөхийн түрүүлэх цагийг Ж.Наранцацралт агсан нэг удаа шийдсэн юм.

Эх сурвалж: Бөхийн мэдээ сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ