50 тонн алттай Гацууртын ордыг ашиглах “Сентерра гоулд”-ын шунал

Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээгтогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцүүллээ. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан учир уг асуудлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.

“Сентерра гоулд Монголиа” компани Бороогийн ордыг ашиглан баялгийг хэдэн жилийн дотор гадагшаа гаргасан. Бороогийн ордыг ашиглаж дууссан учир Гацууртын ордыг ашиглахаас өөр аргагүй болчихоод байгаа. Үүний тулд “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр ашиглаж болохооргүй байсан Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахаар зүтгэж эхэлсэн. Энэ нь ч биеллээ олж, тэд стратегийн ордод Гацууртын ордыг хамруулсан юм. Хэдийгээр зарим гишүүн эсэргүүцэж, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах нэрийдлээр ашиглуулах оролдлого хийж болохгүй гэж байв. Гэвч тэд олонхийн хүчинд дарагдав.

Тус компанийнхан Гацууртын ордыг стратегийн ордод хамруулан ашиглаад зогсохгүй,төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 байхаар оруулж ирсэн юм.Үүнийг Засгийн газар боломжтой хувилбар хэмээн харж, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. УИХ-аас баталсан 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэн 39 ордын жагсаалтад ч байхгүй Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болсон. Үүгээр зогсохгүй хуульд заасанчлан стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 түүнээс дээш байна гэж тусгасныг ч “Сентерра гоулд”-ынхан өөрчлүүлэхээр зүтгэж эхлээд байна. Тус компанийн хувьд 2009 оны сүүлчээс эхлэн Гацууртын ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналаа илэрхийлсээр ирсэн. Тэр үед “Урт нэртэй” хууль УИХ-аар батлагдаж, улмаар тэдний шунал хийгээд сонирхол хүлээлтийн байдалд шилжсэн.

Түүхийн дурсгалт үнэт зүйлүүд байгаа гэх Ноён ууланд “Сентерра гоулд” компани 421, 372, 5082, 10810 нийт дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Тэд нийт 2300 га талбайгаас зөвхөн 421, 372 гэсэн ашиглалтын 303 га талбайдаа л олборлолт хийнэ гэж ярьж байгаа аж. ТЭЗҮ-д тусгагдсанаар Гацууртын орд 50 тонн алт олборлох боломжтой. Ийм томоохон ордыг төр стратегийн ордод хамруулан ашиглуулахдаа өөрөө хяналтын багц болох 34 хувьгүй байх нь хэр зохимжтой вэ. Өөрөөрхэлбэл “Сентерра гоулд” алт олборлож, гадагш гаргаж буйд хяналт тавихын оронд тэдний ашгаас хувь хүртэж, эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулах нь эдийн засаг хямарсан энэ үед боломжит хувилбар гэж харж байна.

50 тонн алттай Гацууртын ордыг ашиглах сонирхол, шуналтай “Сентерра гоулд”-ынхон лоббидсоор “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхээс гарч чадсан. Харин тэдний дараагийн алхам нь төрийн хяналтгүйгээр тус ордыг ашиглаж, төрд нөөц ашигласны төлбөрийг өгөөд л ашгаа бодоод явах гэж байна. Үүнийцаана ордоо ашиглуулж буй Монгол Улс “Сентерра гоулд”-ынхонд баялгаа ухуулж, Ноён уулын түүхийн ховор бүтээлүүдээ сүйтгүүлээд л үлдэх нь. Энэ бүгдээс харахад Гацууртын ордыг “Сентерра гоулд”-д зарсан зуучлагч хэн бэ гэдгийг харж, хардахаас өөр арга байхгүй. Эх орныхоо баялагт эзэн нь байж, өөрсдөө ашиглаж чаддаггүймаа гэхэд өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгож, төрийн хувь хэмжээг хуульд заасныхаа дагуу оруулж өгөхгүй бол төр уул уурхайнхаа хувь ч үгүй, нөөц ашигласны дорвитой төлбөр ч авсан зүйлгүй хоцрох вий.

Ц.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ