Facebook-т нөхрийнхөө нууц амрагийн нүцгэн зургийг тавьсан бүсгүйн хэргийг шийджээ

Олон нийтийн сошиал сүлжээ болох facebook-ээр охидын зургийг тавина хэмээн айлгаж, бэлгийн харилцаанд ордог байсан 16 настай хүүгийн хэргийн дуулиан сүүлийн өдрүүдэд дэгдлээ.

hardalt04

Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг дагаж гарч ирсэн facebook, twitter зэрэг олон нийтийн цахим сүлжээнүүд ганцаардлаас ангижрах, олон хүнтэй танилцах боломжийг хүмүүст олгодог гэж дүгнэдэг хэсэг бий. Бас эдгээрээр дамжуулан нэр хүндээ өсгөх, олны танил болох хүсэл ч цөөнгүй хүмүүст бий болж, сонгуулийн сурталчилгаа, хэн нэгнийг намнахад ч сошиал сүлжээг амжилттай ашиглаж байгаа нь нууц биш.

Улсын Дээд шүүх саяхан нөхрийнхөө нууц амрагийн зургийг facebook-т тавьсан бүсгүйн хэргийг шийджээ.

Хүний биеийг олж хорвоод төрсөн бид зовлон жаргал, алдаа оноог эн тэнцүүхэн туулдаг нь яалт ч үгүй үнэн. Урнаа бүсгүй /нэрийг нь өөрчилсөн/ 30 гаруй настай. Нөхөртэйгөө суугаад 10 шахам жил болж байгаа. Нөхөр нь төрийн байгууллагад алба хашдаг, хүн харахад төлөв томоотой залуу.

Ажил ихтэй гэж оройтох, хааяа найз нөхөдтэйгөө нийлж дарвих гээд залуу хүнд байдаг л баяр цэнгүүн нөхрийг нь ч бас тойрохгүй. Гэхдээ амьдралаа алдталаа ууж идээд, гадуур олон хоногоор тэнээд явахгүй жин банг нь тэнцүүлдэг эр, халамжтай аав.Нэг өдөр Урнаа нөхрийнхөө facebook дэлгээтэй байхыг сониучирхан хараад эмэгтэй хүнтэй харилцсан хачин захиа олж харжээ. Үүнээс л асуудал эхэлж. Нөхөртэй нь хачин наалинхай үгс шидэлцсэн бүсгүй нэг дор ажилладаг Наран /нэрийг өөрчлөв/ байж таарах нь тэр. Дөч гарсан эгчмэд бүсгүйтэй янаг амрагийн явдалд орооцолдсон байж мэдэх нөхрөө “тандсан” бүсгүй гарцаагүй гэмээр хэд хэдэн баримт олж авчээ.

Харамсалтай нь нөхөр нь Нарантай учир ургуулсан явдал бүр гурав, дөрвөн жил үргэлжилсэн болж таарав.

Гэр бүлийн тайван байдал ч нэгмөсөн алдагдаж, өдөр бүр хэрүүл шуугиан. Тэсэхээ байсан Урнаа нэг өдөр нөхрийнхөө нууц амрагийн овог нэрийг тавьж, нүцгэн зургийг нь facebook хуудсанд байрлуулжээ. Дөч хүрсэн хөгшин янхан, дээшээ хараад хэвтэж байдаг гээд л баахан зүхсэн юм байх.

Нүүрээ хийх газраа олохоо байсан нууц амраг бүсгүй олон нийтийн сүлжээ ашиглан доромжилсон хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийнхан Урнаад Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар буюу бусдыг доромжилсон гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

hardalt

Урнаа “Энэ янхан манай нөхөртэй явж, намайг 3-4 жилийн турш доромжилсон” гэсэн мэдүүлэг өгсөн бол нууц амраг болох Наран “Facebook-ээр овог нэрээр зургийг минь тавьснаас болоод би гишгэх газаргүй болсон. Гомдолтой” гэж мэдүүлжээ. Наран эхлээд Урнаагийн нөхөртэй амрагийн харилцаагүй гэж мэлзсэн бол хэд хэдэн удаа мэдүүлэг авсны дараа уулзаж учирдаг хэмээн хүлээжээ.

Хэргийн эзэн болсон залуу “Би аль алиных нь өмнө буруутай. Намайг уучлаарай” гэж арчаагүй загнасан гэнэ. Магадгүй өөр хэлэх үг олдоогүй ч байж мэдэх юм.

Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Дээд шүүх энэ хэргийг саяхан хэлэлцээд энэ зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр торгох ялыг оногдуулсан аж.

Ингэснээр нөхрийнхөө нууц амрагийн нүцгэн зургийг facebook-т байрлуулсан бүсгүй 3 сая гаруй төгрөгөөр торгуулахаар болжээ.


Р.Санчир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ