Г.Сарангэрэл суллагдаад хамгийн түрүүнд нэрээ солиулахаар шийджээ

Г.Сарангэрэлийн суллагдах хугацаа энэ гуравдугаар сар. Тэгвэл тэрбээр суллагдаад хамгийн түрүүнд нэрээ солиулах хүсэлт гаргах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тэгэхээр хэдий эрх чөлөөтэй болж байгаа ч нийгмийн амьдралд гарч ирэхэд түүнд маш хүнд байх юм. Хамгийн наад зах нь ажил хийх, сурах гээд бүхий л үйл хөдлөлд нь “муу” нэр дагалдсаар байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эхний ээлжинд нэрээ солиулаад ч болов, ирээдүйн сайн сайхан амьдралынхаа төлөө зүтгэхээр шийдсэн нь энэ бололтой.

“Муу нэр хусавч арилдаггүй”, “Нэр хугарахаас яс хугар” гэх мэт манай улсын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн зүйр үгүүд бий. Тэгвэл үүний тод жишээ бол яахын аргагүй алдаа нь “ил” гарсан хүмүүс. Тэд алдаа хийсэн. Алдаа хийснийхээ төлөө шийтгүүлсэн. Гэвч амьдралдаа маш том шарх, хэзээ ч арилашгүй муу нэртэй үлддэг.Тиймээс “хэцүү” алдраасаа болж эцэг эхээс өгсөн нэрээ хүртэл солих гэж байгаа тод жишээ энэ болж байх шиг байна.Алдаа гаргасан нэгнээ чичилж, байж суухын аргагүй болгодог энэ нийгэмд амьдрахын тулд нэрээ ч болов солиод үзэхийг хүссэн түүх ганцхан энэ бүсгүйгээр зогсохгүй биз ээ. Чичилж, дайрч доромжилдог нь манай нийгмийн бичигдээгүй хууль гэлтэй.

Дашрамд хэлэхэд, Монголын түүхэнд анх удаа хоригдож буй ялтан УИХ-ын гишүүнийг хариуцагчаар татсан шүүх хурал болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, хар тамхины хэргээр гурван шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Өргөдөл байнгын хорооны дарга О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан гэж шүүхэд хандаад байгаа юм.

Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн зарлаж, нэр төрд нь халдсан гэж 10 тэрбум төгрөг нэхэмжлэн, нэхэмжлэлээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлж, иргэний хэрэг үүсгэжээ.

Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаярт хуваарилсан аж.

Шүүх Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргана. Шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой юм. Ингэснээр Г.Сарангэрэл, О.Баасанхүү нарын шүүх хурлын тов ирэх гуравдугаар сарын дундуур товлогдох магадлалтай байна. Хэрвээ 30 хоног сунгавал ирэх дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Г.Сарангэрэл нар шүүхийн танхимд уулзах нь.

Гэвч О.Баасанхүү гишүүн түүний нэр төрд халдсан уу, үгүй юу гэдэг одоогоор тодорхойгүй байгаа. Мөн Г.Сарангэрэлийн тухайд өөрийгөө илтгэсэн томоохон ярилцлагуудыг ч өгч байсан. Юутай ч тэдний маргааныг шүүх үнэн зөвөөр шийдэх биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ