Хэн Украины босогчдын “толгойг илэв”

Өнгөрсөн есдүгээр сард Украины эрх баригчид болон салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох хэлэлцээр хийгдсэн боловч цаасан дээр л үлдэж хоцорлоо. Сүүлийн хэдэн долоо хоногт зүүн Украин дахь сөргөлдөөн намжих нь бүү хэл улам бүр хурцдах төлөвтэй болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы канцлер Ангела Меркель нар Киев, Москвад уулзалт зохион байгуулсан юм.

Тэд Петро Порошенко болон В.Путинтай тус бүрчлэн хаалттай хэлэлцээр хийж зүүн Украины асуудлыг хөнджээ. Харин өчигдөр дөрвөн тал утсаар холбогдох ирэх лхагва гаригт Беларусын нийслэл Минск хотод яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон байна. Өнгөрсөн хугацаанд АНУ, Украины тэргүүтэй орнууд ОХУ-ыг салан тусгаарлагчдад зэр зэвсгийн тусламж үзүүлж байна хэмээн шүүмжилсээр ирсэн.

Гэсэн хэдий ч Оросын тал дээрх мэдээллийг няцааж, мэлзсээр байгаа юм. Олон нийтийн хэвлэл мэдээллээр ч зөрөөтэй мэдээллүүд цацагдсаар байна. Гэхдээ салан тусгаарлагчдын ашиглаж буй зарим хүнд зэр зэвсгийг Оросын тусламжгүйгээр худалдан авах, оруулж ирэх боломжгүй гэж зарим барууны сэтгүүлчид бичжээ. Учир нь босогчдын хэрэглэж байгаа орчин үеийн зарим зэр зэвсэг Украины армид ч хэрэглэгддэггүй юм байна.

Эдгээр хүнд зэвсгийн талаар “Moscow Times” сонинд нийтэлсэн зарим мэдээллийг хүргэе. Т-72 байлдааны танк Оросын хамгийн алдартай байлдааны танк болох “Т-72” 1970-аад оны үед анх үйлдвэрлэн гаргаснаас хойш сайжруулан шинэчилсээр байна. Өмнө нь ЗХУ-ын цэргийн холбоотнууд танкийг үйлдвэрлэж байсан юм. Харин сүүлийн үед хийгдсэн дүрс бичлэгээс харахад зүүн Украины салан тусгаарлагчид энэхүү танкийн сүүлийн үеийн загвар болох “T-72B3”-ийг ашиглаж байгаа нь тогтоогджээ.

“T-72B3”-ийг Орос улс батлан хамгаалахын салбартаа ашиглаж байгаа боловч гадагшаа экспортлодог эсэх нь тодорхойгүй байна. Техник үзүүлэлт: 9.5 метрийн урт, 3.6 метрийн өргөн, 2.2 метрийн өндөртэй, 41.5 тоннын жинтэй аварга том байлдааны хэрэгсэл юм. 60 километр цаг хүртэл хурдлах чадвартай бөгөөд 125 миллиметрийн их буутай. 2009 оны байдлаар нэг бүрийн үнэ нь 1-2 сая ам.доллар байсан.

BMP-2 явган байлдааний хэрэгсэл 1980-аад оны үед анх танилцуулж байсан нь “BMP-2” Оросын явган байлдааний хэрэгсэл “Т-72”-оос бүхэлдээ өөр зориулалттай гэж хэлж болно. Энэ нь хуягт тээврийн хэрэгслийн нэгэн адил байлдааны халуун цэгт цэргүүдийг аюулгүй тээвэрлээд зогсохгүй тэднийг галаар дэмжих үүргийг хүлээдэг байна. Мөн үүнийг Украины салан тусгаарлагчид төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд цэрэг, дайны үйл ажиллагаанд түгээмэл ашигласаар байгаа юм.

Украины армид “BMP-2”-ийн хэд хэдэн загвар ашигладаг боловч сүүлд гарсан “BMP-2AM”-ийг Орос улс Украинд нийлүүлж байгаагүй аж. Техник үзүүлэлт: 6.7 метрийн урт, 3.15 метрийн өргөн, 2.45 метрийн өндөртэй, 14.3 тоннын жинтэй. Нэг дор долоон хүнийг, 65 километр цагийн хурдтай тээвэрлэх хүчин чадалтай.

SA-11 бук пуужин харвах систем Өнгөрсөн оны долоодугаар сард Украины нутагт осолдсон Малайзын “MH17” онгоцыг бук загварын газар-агаарын ангиллын пуужин харвах системээр буудаж сөнөөсөн гэх таамаглал байдаг. Албан ёсоор батлагдаагүй ч онгоцны ослын дүгнэлт, зарим эд мөрийн баримтаас харахад байж болох л хувилбар юм.

Бук загварын пуужин харвах системийг Оросод үйлдвэрлэгддэг. Гэхдээ олон оронд хэрэглэгддэг учир салан тусгаарлагчдыг “SA-11” пуужин харвах системийг эзэмшиж байгаа гэж үзвэл Москва, Киевийн аль алинаас нь ч авсан байх магадлалтай. Техник үзүүлэлт: 1979 онд анх танилцуулж байсан ч өнөөг хүртэл цэрэг, дайны үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Газар-агаарын ангиллын пуужин харвах систем нь ойролцоогоор 14 мянган метрийн өндөрт нисэж яваа биетийг устгах хүчин чадалтай аж. / MH17 10 мянган метрийн өндөрт нисэж явсан/ Тусгай радарын тусламжтайгаар байг тооцоолох ба бүрэн устгах магадлал 90-95 хувьтай юм байна. Мөн байлдаанд бэлдэхэд ердөө тавхан минутыг зарцуулдаг бол дахин цэнэглэхэд 12 минут, зорилтот байндаа хүрэхэд 8-12 секунд л шаардлагатай ажээ. BM-21 пуужин хөөргөгч

Сүүлийн саруудад Украины арми болон салан тусгаарлагчдын аль аль нь зүүн Украин дахь байлдааны үйл ажиллагаанд “BM-21” пуужин хөөргөгч өргөн ашиглах болжээ. Пуужин харвах гол бүрэлдэхүүн хэсэг нь Дэлхийн II дайны үед Улаан армийн ашиглаж байсан Катюша пуужин харвагчтай төстэй гэнэ.

Одоогоор Оросын оролцуулаад дэлхийн 50 гаруй оронд энэхүү пуужин хөөргөгчийг ашиглаж байна. Техник үзүүлэлт: 13.71 тоннын жинтэй “BM-21” пуужин хөөргөгч нь нийт 40 пуужингийн багтаамжтай. Секунд тутамд тус бүр нь 65 килограммын жинтэй хоёр пуужингаар галлах хүчин чадалтай. Хаана ашиглахаас шалтгаалаад 20-45 километрийн зайд буй байг онох боломжтой гэнэ. 259 Nona өөрөө явагч их буу АНУ-ын тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр Оросын тал өнгөрсөн долоодугаар сард салан тусгаарлагчдад “259 Nona” өөрөө явагч их бууг нийлүүлж байсан гэжээ.

Энэ нь “BMP-2”-ийн нэгэн адил газар, усны аль алинд нь явах чадвартай юм байна. 1985 онд анх батлан хамгаалахын салбарт ашиглагдаж эхэлсэн бөгөөд Украин, Оросын аль аль нь өнөөг хүртэл ашиглаж байгаа аж. Техник үзүүлэлт: Өөрөө явагч их бууг командлагч, машинист, их бууч, их буу цэнэглэгч гэсэн дөрвөн хүний тусламжтайгаар ажиллуулдаг. 8.7 тонн жинтэй энэхүү их буу хуурай газарт 60 километр цаг, усанд есөн километр цагийн хурдтай явах чадвартай. Мөн 120 миллиметрийн их буутай юм байна.

Б.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ