Тавантолгойгоос таван сая тн нүүрс олборлоно

“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх сараас Баруун Цанхийн гэрээт олборлогчийг шалгаруулж, оны эцэс гэхэд 2.6 сая тн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна. Энэ компани өнгөрсөн онд Зүүн Цанхиас 2.5 сая тн нүүрс олборлосон билээ. Харин энэ онд энэ хэмжээг таван сая болгохоор тооцоолжээ.

Баруун Цанхид олборлогчийн сонгон шалгаруулалтад Хятадын “Шинхуа”, ОХУ-ын “Оросын төмөр зам”, АНУ-ын “Пибоди энержи” групп, Япон, Өмнөд Солонгосын корпораци оролцож буй. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” Хятадын “Чалко”-д 186 сая ам.долларын өртэй учраас олборлолтоо их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэж компанийн удирдлагууд мэдээлсэн юм.

Хамгийн гол нь “Чалко”-д нүүрс нийлүүлэх ажлыг гурван сар зогсоосны эцэст, өнгөрсөн сараас үргэлжлүүлсэв. Энэ байдлаараа ажиллавал арваннэгдүгээр сард өрөө барагдуулна гэлээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани 400 сая ам.долларын өртөг бүхий нүүрс угааж, баяжуулах үйлдвэр барихаар болсон. Үйлдвэр байгуулах тендерийг энэ онд багтаан зарлах ба 2016 онд бүрэн хүчин чадлаар ажиллуулна гэж төлөвлөжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ