Казиногийн хууль хэрэгтэй юуюу
Засгийн газраас Казиногийн хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Уг хуулийн төслөөр нийслэлд хоёр байршилд казино байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн монгол хүн казино тоглох бол улсад 20-оос дээш сая төгрөгийн татвар төлдөг, 25 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин гадаадынханд ямар нэгэн хязгаарлалт үйлчлэхгүй. Ингэснээрээ Засгийн газар эдийн засгийн хүндрэл, хямралтай үед аялал, жуулчлалыг татах, гадаадынхны мөнгийг казиногоор дамжуулан авч үлдэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Дэлхийн аль ч улсын туршлагад казиногийн бизнесийг өөрийн орны иргэдээсээ хол байлгадаг. Казинотой хотын иргэд ядуурдаг гэх бичигдээгүй хууль ч бий. Тийм учраас энэ төрлийн бизнесийг дэлхийн бусад орнууд зөвхөн гадаадын иргэд, жуулчдад зориулан бий болгодог. Өөрийн улсын иргэд нь казино тоглох бол асар өндөр татвар төлнө. Эсвэл бүр иргэд нь казино тоглох боломжгүй байхаар хуульчилсан байх нь ч бий. Монголын хувьд эхний ээлжинд ямар ч байсан 20 сая төгрөгийн татвар төлдөг бол казино тоглож болно гэж байна. Казиногийн хууль мэндлэх нь гэх мэдээлэлтэй хамт иргэдийн дунд нэлээд хэлэлцүүлэг өрнөж, болгоомжлох өнгө аяс ч цухалзаж эхэллээ. Монголчууд казино гэхээр 90-ээд оны эхэн үед гарч байсан казиногийн хэргээр л төсөөлөх нь бий. Магадгүй энэ удаад өнгөрсний алдааг мартаад, казино байгуулах цаг нь болсон байхыг ч үгүйсгэхгүй юм.
Сүүлийн жилүүдэд монголчууд бараг бүгдээрээ л ямар нэгэн хэмжээгээр мөрийтэй тоглох болсон. Монгол залуу покерын олон улсын тэмцээнд ч түрүүлсэн. Хөгшин залуу, хүүхэд гэлтгүй покер тоглож сурсан. Томчуул, баячууд бол бүр их мөнгөөр хоорондоо покердох болсон талаар мэдээллүүд олон гарч буй билээ. Түүнчлэн нууцаар покер тоглуулдаг газрууд ч байдаг гэх. Өөрөөр хэлбэл, 90-ээд оны эхэн үеийг бодвол монголчууд одоо ямар ч байсан мөрийтэй тоглоом, покер, казино гэж юу болох талаар гадарладаг болсон. Зарим хэсэг нь зүгээр л зугаацах маягаар бага мөнгөөр тоглож байгаа. Харин зарим хэсэг нь амьдралаа алдаж, байр, машинаа тавиад хүртэл тоглож байна. Өөр нэг хэсэг нь магадгүй 20-30 сая төгрөгөөр нэг удаадаа тоглоод, алддаг, баячууд гэсэн үг. Том компанийн бизнесмэнүүд, улстөрчид ийм байдлаар тоглодог болчихсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Өөрөөр хэлбэл, казино монголд далд хэлбэртэйгээр хөгжөөд багагүй хугацаа өнгөрчихсөн байна. Хууль мэндэлснээр далд хэлбэртэй байгаа казино, мөрийтэй тоглоомыг ил болгож, тэнд эргэлдэж буй мөнгийг улсын төсөвт төвлөрүүлж, татвар авна. Дээрээс нь гадаадынхны казинодсон мөнгийг авч үлдэнэ. Энэ утгаараа казиногийн хууль Монголд хэрэгтэй. Улсын эдийн засагт ч чухал нөлөөтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахад чухал. Мэдээж үүний нөгөө талд эрсдэл ч бас бий.
Монголчуудын амьдрал тийм ч баталгаатай, сайхан болж амжаагүй байна. Баян ядуугийн ялгаа их, нийгмийн дундаж давхарга бэхжиж, хүрээгээ тэлээгүй байна. Ийм нөхцөлд монгол хүн казино тоглох боломжтой байхаар хууль баталж хэрхэвч болохгүй байх. Хэдийгээр өндөр татвар тогтоож байгаа ч энэ нь хангалттай хамгаалалт болж чадахгүй гэж үзэх хүмүүс ч байна. Үнэний хувьтай. Магадгүй казинод 20 саяын орлоготой байх, 200 мянган төгрөгийн орлоготой байх хоёр ямар ч ялгаагүй болов уу. Мөнгийг үрж дуусгах, алдахад их, багын ялгаа үгүй. Хэдэн жилийн өмнө хаа сайгүй интернэтээр покер тоглуулдаг газрууд гарч ирэхэд байр, машин, хамаг юмаа алдаж, тоглосон тохиолдлууд олон гарсан. Тэрнээс өмнө автомат тоглоомын төвүүд гарч ирэхэд ч бас тоглоомонд донтож, амьдралаа алдсан хүмүүс олон байсан билээ. Бидний сайн мэдэх жүжигчин Б.Батзаяа хүртэл мөрийтэй тоглоомонд бүх зүйлээ алдсан гээд, урлагийнхан нь түүнд зориулж хандивын тоглолт хийж байсан цаг саяхан.
Хэрэв хууль батлагдаад, дараа нь ийм үр дагавар гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэх асуудал бий. Хэдийгээр мөрийтэй тоглох, тоглохгүй нь тухайн хүний өөрийн сонголт ч төр иргэдээ яавал чиг яаг гээд хаяж болохгүй. Тэр тусмаа мөрийтэй тоглоомын газарт хаях эрх аль ч төрд үгүй биз ээ. Казиногийн хууль мэндэллээ гэхэд энэ мэтээр маш олон асуудал урган гарна. Юун түрүүнд бага хэмжээний мөнгөөр тоглуулдаг газрыг зөвшөөрөх үү, үгүй юу. Зөвшөөрлөө гэхэд ямар хяналт тавих вэ. Зөвшөөрөхгүй байлаа гэхэд бас ямар хяналт тавьж, хуулийг мөрдүүлэх вэ. Томоохон хэмжээний казино, зочид буудалд ч гэсэн ямар стандарт мөрдүүлж, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Казино бол асар их мөнгө. Мөнгийг дагаад гэмт хэрэг, хулгай, дээрэм тонуул газар авахгүй гэх газаргүй. Бүр муугаар бодвол казино дагасан гэмт бүлэглэл, мафи бий болохыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт казиногийн хууль дагасан олон асуултууд гарч ирнэ.
Шинээр мэндлэх гэж буй Казиногийн хууль энэ бүх асуултуудад маш тодорхой, оновчтой хариулт өгнө гэж найдъя. Эцэст нь Казиногийн хууль үнэхээр монголд хэрэгтэй юу, үгүй юу. Казино байгуулах цаг нь болсон уу, үгүй юу гэх асуултын хариултыг уншигч таньд нээлттэй үлдээж байна.
Л.Энхдэлгэр Eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ