Г.Пүрэвбат: Занданшуулсан шүтээнийг нутаг оронд нь буцааж зална
Бурханч лам Г.Пүрэвбаттай ярилцлаа.
-Энэ сарын 27-ны өдөр 200-гаад жилийн настай занданшуулсан шарилыг айлын хашаанд нуусан байхад нь олсон. Энэ хүнийг хэн болохыг таамаглаж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч анхаарлаа хандуулж байна. Хэн болохыг нь олж тогтоожээ. Ажлын хэсгийн багт ажилласан хүний хувьд бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Манай ажлын хэсэг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Археологи, шүүх эмнэлэг, цагдаа, шашны байгуулага, түүхийн хүрээлэн гэх мэт олон талын мэргэжилтэнүүд хамт ажилласан. Өнөөдөр бүх зүйл сайхан тодорхой боллоо. Үүнийг занданшсан шүтээн бие гэж нэрлэвэл зохимжтой байгаа юм. Анх энэ шүтээнийг олдлоо гэхэд нь би Гэсэр Богдын шавь Цорж Санжжавынх байж болзошгүй гээд бунхныг нь шалгуулахаар хүмүүс явуулсан. Гэтэл бүрэн бүтэн, хөндөгдөөгүй байна гэсэн мэдээтэй ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч Ховдоос олдсон гэсэн мэдээлэл яваад байсан тул биш юм байна гэж итгээд байлаа. Гэтэл ажлын хэсгийн шалгалт шинжилгээний явцад үг занданшуулсан шүтээн нь Цорж Санжжавынх гэдэг нь илэрлээ. Уг шүтээнийг авч явсан этгээдүүд бунхныг хуучин хэвэнд нь оруулан, хөндөгдөөгүй мэт болгосон байсан нь биднийг хэсэг хугацаанд төөрөгдүүллээ. Өнөөдрийн олдсон занданшуулсан шүтээн бие бол очир завилаар суулгаад, зүүн гарыг нь тэгш агуулсан чагжаа хийлгээд, баруун гараар нь ном номлохын чагжаа зүрхэн тушаа хийлгэсэн байна. Он удаан жил өнгөрсний улмаас бөгтийснөөс болж гар нь жаахан доошоо болсон байна. Үсээ сайхан авчихсан. Эндээс үзэхэд албан ёсоор шүтээнчлэн занданшуулсан шарил болох нь илт байгаа юм. Энэ бясалгалд суугаад өөрөө аяндаа занданшсан хүн биш. Зориуд энэ хүнийг бунхалсан гэсэн үг.
-Цорж Санжжав гэх хүний талаар та хэр сайн мэдэх вэ?
-Энэ хүн бол Гэсэр ламын ойрын шавь байсан байна. Одоогоос 200-гаад жилийн өмнөх хүн. Битүү хар хууз сахалтай, 70 орчим настайдаа явсан болов уу гэмээр тэмдэгтэй. Өндөр монхордуу хамартай. Метр 80 орчим см сайхан өндөр биетэй хүн байсан юм билээ. 1999 онд шарилын модон сав нь ялзарч муудаад, толгой болон цээжин бие нь ил гараад нэлээд удсан шиг байгаа юм. Тэр ил гарсан хэсгийг нь шувуу тоншиж, гэмтээсэн маягтай байсныг сэргээж янзалсан байдаг.
-Хөдөлгөх ёсгүй шүтээнийг хөдөлгөснөөс газар, нутаг оронд нь аюул нүүрлэх вий гэсэн болгоомжлол байгаа. Энэ тал дээр хариулт өгөөч?
-Гэсэр лам өөрийнхөө шүтээнийг тэнд үеийн үед байлгахыг гэрээсэлсэн, олон үе дамжин муу юмыг хариулж, дааж шарилаа зориуд тэнд орхисон. Занданшуулсан шүтээнийг хүмүүс яагаад хүндлээд, бурхан шиг мөргөөд байна гэсэн асуудал гарч ирдэг. Ер нь шашны том богдууд гайхамшигтай. Бурхан багшийг чандарлахад бие нь маш гоё таван өнгөтэй эрдэнийн үрэл болж хувирсан. Тэр нь арвиждаг, үрждэг. Тэднийг шилэн хоргонд хийсэн байдаг. Хүмүүс мөргөхөд шилэн хоргон дотроо ханыг нь дагаад гүйдэг. Тийм сонин, гайхамшигтай. Бид тэнд мөргөх л юм бол бурхан багшид бодитоор мөргөсөн юм шиг ач тусаа өгдөг. Ад зэтгэр нь гардаг. Олон муу зүйлийг хариулдаг. Бурхан бодитоор оршиж байгаа юм шиг байгаа орон газраа хариу нөлөө үзүүлдэг. Мөн хутагт хувилгаадыг чандарлахад биеэс нь янз бүрийн чулуу гардаг. Тиймээс ийм онгон шүтээнтэй зүйлд янз бүрийн муу буруу сэтгэлээр хандаж, гар хүрэх нь ёс буруу л даа. Багшийнх нь хажууд нөмөр нөөлөг болгохоор онголсон болохоор учир начиртай, бодлоготойгоор ерөөл тавьж тэнд бунхлуулсан байгаа шүү дээ.
-Энэ занданшуулсан шүтээнийг Улаанбаатар хотод зөөж тээвэрлээд авчрах хугацаанд эвдрэл гэмтэл гарч уу?
-Хүйтэн газар хэт удаан байлгаж, цаасын хайрцагт авч яваад байсан болохоор ерөнхийдөө цан цохиж, чийг авахуулсан байсан. Гарын арьс нь цуурсан гэх мэт шинэ гэмтлүүд байгаа. Тиймээс энэ бүхнийг засаж янзална.
-Гэсэр Богдын бунхан хөндөгдөөгүй гэдэг нь баттай юу?
-Саяын олдсон занданшуулсан шарилыг 1999 онд ил гарсан байхад нь гурван машин чулуу аваачаад, Гэсэр Богдын бунхны гадуур чулуугаар өрөөд, цементлээд битүү хорго хийчихсэн юм. Орон нутагт нь очиж шалгасан манай шинжээчид энэ цементлэсэн чулуу нь огт хөдлөөгүй, хөндөгдөөгүй байна гэдгийг нотлоод байгаа. Гэхдээ хаширлаад шүтээнийг хөндсөнийхөө дараа буцаагаад яг хэвэнд нь оруулсан байж болзошгүй. 100 хувийн баталгаа өгөөгүй. Ямар ч байсан уян зөөлөн камер оруулаад тандалт хийгээд үзэхэд болохгүй зүйл байхгүй.
-Энэ хоёр занданшуулсан шарилыг хооронд нь хэр хол оршоосон байдаг юм бол?
-Гурваас дөрвөн метрийн зайнд хосоороо байдаг.
-Итгэлт хамба шиг энэ шүтээнийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь дээр болов уу гэх бодолтой хүмүүс байгаа. Та юу гэж бодож байна?
-Монгол орон даяараа мэддэг болчихлоо. Тийм учраас уг занданшуулсан шарилыг уламжлалын дагуу сайхан цэвэрлээд, хуучин хэвэнд нь шүтээн маягаар оршоох нь зүйтэй. Ном журмын дагуу уулын оргил дээр нь тусгай сүм барьж оршоогоод, хамгаалалттай, эзэнтэй, олон нийт мөргөх боломжтой болгочиход шашин дахин сэргэж буйн илрэл. Ингэсэн байхад хүмүүс очоод мөргөж залбирахад болохгүй зүйл байхгүй. Одоо ямар нэг сэтгэл зовниод байх асуудал байхгүй. Зөв гартаа ороод ирлээ. Бүх ажлыг сайн сайхан болоосой гэж ерөөл тавиад, бүгдээрээ сайн сайхан зүйл бодох хэрэгтэй.
-Монголчууд хэдийнээс том лам, хутагт хувилгаадаа занданшуулж эхэлсэн юм бэ?
-XVI зуунаас Монголд бурхны шашин орж ирснээс хойш, Өндөр гэгээнийг таалал хураахад түүний биеийг занданшуулаад, Монгол оронд авчирсан. Тэгээд Амарбаясгалант хийдэд занданшуулсан шүтээн биеийг нь суваргалж, шүтэн тахиж байсан. Түүнээс хойш Монголын найман богд, Заяын бүх дүр, Ламын гэгээний бүх дүр, том хувилгаадуудыг бүгдээрэнг нь занданшуулж, шүтээн болгож байсан уламжлалтай. Төвдийн XIII далай лам хүртэлх бүх Далай ламыг таалал хураахад биеийг нь занданшуулаад, бодлын ордон дотор шүтээн болгосон байна. Манай Гандантэгчэнлин хийдийн гурван ногоон дээвэртэй дуганд VIII, V, VII Богдын занданшуулсан шүтээн бий. Ингэж тусгайчлан сүм байгуулж байсан уламжлалтай.
-Гэсэр Богд гэж ямархуу хүн байсан юм бол?
-Хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хүрээнд 200 гаран сүм, 2000-гаад лам хуваргатай их том хүрээ байсан. Энэ хийдэд 1840-1841 оны хооронд Манжийн хааны зарлигаар Гэсэр сүм байгуулаад, Гэсэрийн цамыг залах, хариулга хийх зан үйлийг дэглэж бий болгоход Цэвээнрашийн Чүлтэмжамц гэж хувилгаан лам байсан. Хоёр настайгаасаа онц гойд, ид шид үзүүлж байсан гэдэг. Амьд сэрүүн байхдаа маш олон гайхамшигтай ид шид үзүүлж байсан лам. Энэ лам 80 гаруй наслаад, 1890-ээд оны үеэр явсан шиг байгаа юм. Их урт буурал сахалтай хүн байсан гэдэг. Энэ хүн таалал хураахдаа өөрийнхөө төрсөн Хөх нуурын Содномдаржаа гэх уулын гурван онийн дундах онь дээр 108 муу зүйлийн оноог хааж, газрын улаан албингийн гүйдлийг хааж, түмэн олны сайн сайхны тулд үеийн үед сахин хамгаалж байя гээд өөрийгөө тэнд бунхалж оршоохыг гэрээслэсэн юм билээ. Үүний дагуу модон бунхан бариад, дотор нь занданшуулж залсан. Түүний дараа өөрийнх нь гарын шавь, ойр дотно байсан, тухайн хийдийнхээ цорж байсан, мяндаг тушаалтай Санжжав гэх хүнийг таалал хураахад өөрийнх нь хүсэлтийн дагуу багшийнх нь хажууд ахиж бунхан бариад занданшуулж оршоосон байдаг.
-Тэднийг оршоосон уул хэр өндөр вэ?
-Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм. Ямар ч байсан бидний яриад буй хөндөгдсөн энэ шүтээн бол Гэсэр ламын шавь болох Цорж Санжжав гэх хүнийх гэдэг нь тогтоогдлоо. Ер нь Монгол орны хаанаас ч манай том лам нарын нуусан, занданшуулсан шарил олон гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Занданшуулах зан үйлийг яаж хийдэг вэ?
-Өөрөө аажим аажмаар хатаад, шүтээн болоод үлддэг хүмүүс бий. Энэ бол өөрийн эрхтэй. Харин өөрийн эрхгүй гэдэг нь том хутагт хувилгаадууд, Богд дээдсүүд Гэсэр лам шиг “Намайг бунхлаарай” гэж гэрээслэж үлдээхийг хэлнэ. Ингээд түүнийг таалал хураасны дараа шавь нар нь засаж янзлаад, занданшуулах нарийн ухаан байна. Бүх биеийг нь хөнддөггүй, ариун уусмалаар бүх биеийг нь угаагаад, жил гаруйн хугацаанд хатааж, занданшуулаад шүтээн болгоод, суваргад оршоодог. IX богдийг занданшуулаад бүтэн жил болж байна. Маш сайхан занданшаад, сайхан шүтээн болох шинжтэй болчихсон. Өнөөдрийг болтол ийнхүү уламжлал тасраагүй байна шүү дээ. Төвдүүд ч гэсэн том хувилгаадуудаа занданшуулж л байдаг.
Б.БУРМАА Medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ