Дундад улс луу жилд цөмийн гүрэн болов

Хүн төрөлхтний мөхлийн шалтгаан цөмийн дайн байх болно гэдэг. Гэхдээ олон улс цөмийн энергийг цэвэр энхийн зорилгоор ашиглахаар санал нийлэх болсон. Харамсалтай нь энэ ажил эрх мэдэл, үзэл бодлоо хамгаалах зэвсэг болон хувирч байгаа нь нууц биш. Ийм санаа агуулагчдаас Иран, Хойд Солонгос хоёр хамгийн их санаа зовоодог. Харин муу нэртнүүдийн дундаас тодорхойгүй байдалтай байсан Хятад улс сүүлин хэдхэн жилийн дотор цөмийн энергийн томоохон хэрэглэгч болов. Ялангуяа өнгөрсөн он Хятадыг цөмийн гүрэн болгожээ. Үүнийг олон улс хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улсын цөмийн салбар дахь амжилтуудыг “chinesemission-vienna.at” сайтаас орчуулан хүргэж байна.

Ху Жинтаогийн Цөмийн аюулгүй байдлыг хангах дөрвөн зорилт

Ерөнхийлөгч асан Ху Жинтао 2012 оны гуравдугаар сарын 27-нд Сөүлд болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр “Цөмйн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр маш чухал илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Хятад улсын цөмийн бодлого аюулгүй байдлыг ямагт хангахад чиглэхийг онцолсон. Мөн энэ төрлийн зэвсэг, цөмийн терроризмын эсрэг байр сууриа хэзээд хадгална гэв. Гэхдээ Ху Жинтаогийн илтгэлээс цөмийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудал олны анхаарлыг татсан.

-Нэн түрүүнд цөмийн технологийгг цэвэр шинжлэх ухааны үүднээс ухаалаг, оновчтой хэрэглээ, өөрөөр хэлбэл энхийн зорилгоор ашиглах. Үүнд олон улс хяналт тавих ёстой.

-Цөмийн станцын барилгын чанарт дээд зэргээр анхаарал тавьж, үүнийг Үндэсний аюулгүй байдын түвшинд гүйцэтгэх шаардлагатай.

-Ерөөс цөмийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хангаж, энэ талын харилцааг гүнзгийрүүлэх нь зайлшгүй хийх ажил.

-Хамгийн гол нь цөмийн зэвсэг дэлгэрэх, цөмийн терроризм үүсэх шалтгаануудыг арилгах ёстой гэж илтгэлд дурдсан юм.

Төрийн зөвлөлөөс Цөмийн аюулгүй байдлын тогтоол болон 12 дугаар таван жилийн зорилтод багтсан Цөмийн аюулгүй байдал ба цацраг идэвхит бохирдлоос сэргийлэх урт хугацаат төлөвлөгөө батлав.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Ерөнхий сайд Вэн Жяабаогоор удирдуулсан Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлаар Цөмийн аюулгүй байдлын тогтоолын үр дүнг танилцуулав. Энэ үеэр Цөмийн аюулгүй байдал ба цацраг идэвхит бохирдлоос сэргийлэх урт хугацаат төлөвлөгөө баталсан юм. Ингэснээр Хятад улсын цөмийн аюулгүй байдлын тухай хууль, журам, стандартууд олон улсынхтай уялдлаа.

Мөн атомын цахилгаан станцын барилга, үйлдвэрлэл, ерөнхий дизайн, ашиглалтад оруулах, ашиглах бүхий л ажил системчлэгдсэн. Ингэснээр Хятадын цөмийн хяналт дэлхийд тэргүүллээ гэж олон улс үзсэн юм.

Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын болон Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө батлав.

Төрийн зөвлөл 2012 оны аравдугаар сарын 24-нд Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын төлөвлөгөө /2011-2020 он/, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө /2011-2020 он/ баталлаа. Үүний тулд атомын станц байгуулах бүхий л ажиллагаа өөрчилж, шинээр баталсан стандартад нийцүүлсэн.

Ингээд олон улсын анхаарлыг татсан “NPP” төсөл хэрэгжиж эхэллээ. Учир нь шинэ төслийн дагуу атомын станцыг эх газарт, далайгаас алслагдсан бүсэд байгуулах эсэхэд санал зөрөлдсөн нь Фукушимагийн осолтой холбоотой. Гэвч хятад эрдэмтэд тэдний барьсан станц дэлхийн хамгийн шилдэг байх болно гэж бардам дуугарсан билээ.

Дотоодын нөөцөд тулгуурласан ураны үйлдвэржилт

2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Хятадын Цөмийн үйлдвэрлэлийн тайланд Ланжао, Ганьсу мужийг цөмийн томоохон төв болгох тухай бичжээ. Энд уран баяжуулах үйлдвэрүүд, атомын цахилгаан станц байгуулах ба аюулгүй аргаар исэл гарган авах туршилт амжилттай болсон гэж мэдэгдэв. Эрх баригчид үүнийг Хятадын цөмийн эрчим хүчний хөгжлийн тулгуур гэж үзжээ.

Амжилттай туршилт

“NPP” төслийн Фужиан, Гуандонг дахь ажлууд амжилттай болжээ. “Huaneng” корпорацийн Шандон дахь өндөр хэмийн хийн хөргүүртэй цөмийн тогооны эхний хэсгийг барьж, арванхоёрдугаар сарын 21-нд дуусгав. Энэ нь дэлхийн анхны модулар станц бөгөөд Хятадын цөмийн эрчим хүчний инновацийн нэг том амжилт боллоо.

Дотоод болон гадаадад илрүүлсэн ураны нөөцүүд

Хятадын Үндэсний атомын корпораци далайн чанад дахь нөөцөөс анхны “ургац”-аа хураалаа. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд “Azelik Mining” компани Нигерээс анх удаа уран авч ирсний баяр болов. Дөрвөн жилийн турш үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийсэн энэ компани Хятад, Нигерийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу уран нийлүүлэх ажлыг зохион байгуулсан нь энэ. Хятадын талаас Үндэсний атомын корпорациар толгойлуулсан ажлын хэсэг хэлэлцээр байгуулсан.

Дэлхийг дагуулах амжилтын үндэс

Хятадын Гуандоны Цөмийн эрчим хүчний корпораци цар хүрээ, ажлын бүтээмжээрээ дэлхийд дөрөвдүгээрт орлоо. Энэ корпораци Намибид лиценз эзэмшдэг. Цэвэр технологи, олборлолтоороо олон улсад танигдсан юм.

Олон улсын жишигт нийцсэн ураны уурхай

2012 оны арваннэгдүгээр сарын 4-нд Өвөр Монголд Хятадын хамгийн том ураны уурхай ашиглалтад оров. Энэ нь газрын шүлтлэг давхаргад байрласан нөөц бөгөөд хэмжээгээрээ Хятадад нэгдүгээрт орно. Геологи хайгуулын төвийн мэдэлд байдаг уг орд Хятадын цөмийн эрчим хүчний хөгжилд маш чухал хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ