Цагдаагийн байгууллагын урвуу шинэчлэлийг хэзээ засах вэ!
Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд хот хөдөөгийн Цагдаагийн газар хэлтсийн дарга 100 гаруй хурандаа цолтой эрхмүүд өчигдрөөс эхлэн зөвлөлдөж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөлгүй өнжиж байгаад ухаан орсон юм шиг ийнхүү цугларав. Цагдаагийн албаны хууль шинэчлэгдэхээс өмнө цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд жилдээ нэг зөвлөлдөж зорилго, зорилтоо тодорхойлдог байв. Харин цагдаагийн байгууллагад улстөрчид гараа дүрж, өөрсдийнхөө үзэл бодлыг тулгаж эхэлсэн 2013 оноос хойш хөл толгой нь мэдэгдэхгүй байсны эцэст нэг цуглаж буй нь энэ. 2012 оноос өмнөх цугларалтуудад газар хэлтэс тэргүүлж буй 50- иад ахлах офицер л оролцдог байв. Харин энэ удаад 107 хурандаа цолтон иржээ. Ийм олон цагдаагийн хурандаа нэг дор цугласан нь 100 ямаанд 60 ухна гэгчийн үлгэр мэт харагдаж байсныг нуух юун. Энэ зөвлөлгөөнд зөвхөн ЦЕГ-ын төв байрнаас л гэхэд 20 гаруй хурандаа, тэргүүн, дэд, туслах комиссар оролцож байгаа юм билээ.
Х.ТЭМҮҮЖИНГИЙН ДОРДУУЛСАН ШИНЭЧЛЭЛ
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн эхлүүлсэн цагдаагийн байгууллагын шинэчлэл гэгч балаг, хэлсэн ярьсан нь хийж бүтээснээсээ алд алдаар зөрж буйг илтгэх мэт. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажил авсныхаа дараа Цагдаагийн байгууллагад хөрөнгөлөг хурандаа нар их байна, данхайсан том бүтэцтэй болсон хэмээн уран зураг зураад, лекц уншиж байсныг олон хүн санаж буй биз ээ. Гэтэл түүний санаачлан хэрэгжүүлж, найз нөхдөдөө албан тушаал гаргах гэсэн хуулиас болж цагдаагийн бүтэц улам данхайсныг 107 хурандаагийн цугларалт илтгэж байна бус уу. 50, 100-гийн хооронд их тоо бий. 107 хүний 30-аад нь хөдөө орон нутгаас ирж, удирдах ажилтны зөвлөлгөөндөө оролцож буй. Тэд мэдээж өөрсдийн хувийнхаа зардлаар ирээгүй нь ойлгомжтой. Энд орон сууцгүй хурандаа нарын буудал, хоолны зардлыг төсвөөс гаргаж буй болов уу. За энэ ч яахав. Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан Цагдаагийн албаны хууль анх ярьж байсан төслөөсөө тэнгэр газар шиг ялгаатай болсныг энэ байгууллагад ажиллаж буй жирийн олон алба хаагч хэлдэг.
Үүнийг ганцхан жишээгээр баталж болно. Цагдаагийн алба хаагчдаас санал авсан хуулийн төсөлд “Цагдаагийн алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд улстөрийн, нийгэм, эдийн засгийн, хуулийн болон бусад баталгаагаар бүрэн хангана” гэж заасан. Бүр тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн 27.2-т “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах шууд үүрэгтэй цагдаагийн алба хаагчид хоёр жил тутам ажлын гурван өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид гурван жил тутамд хоёр өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж заажээ. Гэтэл өнгөрсөн 2014 онд цагдаагийн байгууллагад ажиллаж алба хаагчдын ихэнх нь нэг сар л амарсан юм билээ. Энэ эрх зүйн байдлыг дордуулсан шинэчлэл гэдэг нь ойлгомжтой. Мөн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 33.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх үүрэг хүлээнэ” гэжээ.
Гэтэл өнөөдөр Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь батлагдсан ч үгүй. Хаа яваа нь ч тодорхойгүй ийм хуулийн заалтаас шалтгаалан цагдаагийн алба хаагч эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэдэгтэй жирийн олон алба хаагч санал нэгдэх биз. Түүнээс гадна цагдаагийн алба хаагчийг хууль сахиулагч гэж гааль, татвар, мэргэжлийн хяналтын байцаагчийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг мэтээр ойлгож буй нь харамсалтай. Уг нь цагдаагийн алба хаагч гэдэг маань төрийн тусгай албаны тэр дундаа, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг тусгай албаны ажилтан шүү дээ. Гэтэл хууль сахиулагчтай ижил хэмжээнд үзэж байгаа нь эрх зүйн шинэчлэлийн нэг алдаа болов.
ДӨРВӨН ЦАГДААГИЙН ХУВЦСААР НЭГ ХУРАНДАА ГАНГАРДАГ
Өөр нэг гол алдаа нь цагдаагийн албаны цол, дүрэмт хувцас. Цагдаагийн алба хаагчдын дийлэнх, олонх нь цолны өөрчлөлтөд дургүйцэж байсан. Мөн хувцасны өөрчлөлтийг иргэд ихэд эгдүүдэж хүлээн авч, “загасчны”, “аялагчийн хувцас”, “жигмэд тогмидын малгай” гэх зэргээр “өхөөрдсөн” нэр өгсөн шүү дээ. Уг нь 2010 онд цагдаагийн ажилтнуудаас санал авсан хуулийн төсөлдөө цагдаагийн цолыг хуучнаар нь хэрэглэхээр санал авч байж. Харин хууль батлагдсаны дараа хэрэгжүүлж эхлэхэд Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаалдсан заалт орсон байв. Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн 25 дугаар зүйлд “Цагдаагийн дээд цол нь генерал байна. Уг цолыг Ерөнхийлөгч олгоно” гэж байжээ. Харин 2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-аар баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 34.4 дэх зүйлд “…албан тушаалын цол зэрэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэж байгаа нь анх санал авснаасаа тэс өөр байгаа биз.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар албан тушаалын цол олгох болсон. Ингэснээр цагдаагийн байгууллагад чадварг үй удирдлага бий болж, удирдах ажилтны сонголт, манлайлал гээч зүйл алдагдсанаас цагдаагийн байгууллага нэг л үлбэгэр, сул дорой болсныг хэн хүнгүй л хэлнэ. Хэрэв цагдаагийн алба хаагчдаасаа 2010 онд авсан саналынхаа дагуу цол хэвээрээ үйлчилж байсан бол өнөөдөр ЦЕГ-т 107 биш 50 гаруй хурандаа, дэд хурандаа зөвлөлдөх байсан болов уу. Цагдаагийн байгууллагын хуулийн балгаар олон хүн хурандаа цолоор “гангарч” яваа. Уг нь тэдний олонх нь дунд шатны офицерууд байх байсан болов уу. Энд нэгэн тоо баримт дурдая. 2012 оноос өмнө цагдаагийн байгууллагад жилд 5-10 хүн л хурандаа цол хүртэж байж. Өдгөө тэдний ихэнхийг хөрөнгөлөг хурандаа, тэтгэврийн насанд хүрсэн гэх мэтээр гоочилсоор гудамжинд гаргасан.
Хэрэв тэд цагаасаа өмнө тэтгэвэрт гараагүй байсан бол өнөөдөр цагдаагийн байгууллагад удирдлагын манлайлал алдагдахгүй байсан болов уу. Тухайн үеийн хурандаа нар хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн, удирдан зохион байгуулах чадвартай хүмүүс байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Эрхэм Хууль зүйн сайд Д.Дорлигжав та энэ нийтлэлийг минь уншвал 40 гаруйхан насандаа тэтгэвэрт гарсан зарим чадварлаг хурандаа нарыг эргүүлэн цагдаагийн байгууллагад нь томилвол эмх цэгцээ алдсан цагдаагийн байгууллагыг өндийлгөөд ирэх боломж бий мэт санагдана. 2012 оноос өмнө дээрх тооны хурандаа цолтон төрж байсан бол бригадын генерал Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилогдсоноос хойш 2014 он хүртэл 25 хүн энэ цолыг зүүжээ. Харин Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хурандаа цолтон 80-аар нэмэгдсэн байгаа юм.
Нэг хурандаагийн хувцасны каракул малгай, зах, савхин дээл 1.2 сая төгрөгийн үнэтэй. Энэ 1.2 сая төгрөгөөр өнөөдөр анхан шатанд үүрэг гүйцэтгэдэг ахлагч цолтой дөрвөн алба хаагч хувцасладаг гэх тоо байдаг юм билээ. 80 хурандаагийн дээрх хувцас 96 сая төгрөг болно. Цагдаагийн хурандаа цолтны иж бүрэн хувцас 2.3 сая төгрөгөөр бүтдэг гэнэ. Түүнийг 80-аар үржүүлэхэд 184 сая төгр өг гээд тооцвол 600 гаруй ахлагч бүрэн хувцаслачих боломжтой юм. Эдийн засгаа хэмнэх шаардлагатай энэ цаг үед энэ олон хурандаагийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй санагдана. Цагдаагийн цол амьдралд нийцэхгүй байгаа талаар олон алба хаагч хуучин сайддаа хэлж, уламжилснаар цол олгох журам шинэчлэн баталсан.
Гэтэл уг журам нь танил тал, ар өврийн хаалгатай цагдаагийн алба хаагчид нь үйлчлэхгүй, харин энэ байгууллагад бор зүрхээрээ ажиллаж буй татаасгүй алба хаагчдад үйлчлэн цолыг нь бууруулчихсан жишээ олон бий. Цагдаагийн байгууллагыг ийнхүү улст өрчид тоглоомын бай болгосноор өнөөдөр ард иргэдийн цагдаад итгэх итгэл буурч, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй нь.
Эх сурвалж: Монголньюс.мн Г.РАВЖАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ