Өнөөдөр монголын түүхэнд яалт ч үгүй тэмдэглэлт өдөр

1945 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Крым дэх Ялтад гитлерийн эсрэг эвслийн холбоотон гурван гүрэн ЗХУ, АНУ, Их британийн төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалт, бага хуралэхэлсэн байна.

Ялтын бага хурлаар Сталин, Рузвельт, Черчиль гурав германы фашизмыг бүрэн бут цохих, улмаар дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөх, дайны дараах Европын бүтэц, дэлхийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Энд германы фашизмыг бут цохисны дараа түүний холбоотон Японы милитаризмыг хэрхэх асуудал яригдахад ЗХУ-ын тэргүүн Сталин “Дорно зүгт фронт нээж Зүүн хойд хятадыг чөлөөлөх юм бол Хятад улс гадаад монголын статус квог хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн асуудал тавьсан байна. Алс дорнодод Японы эсрэг хийх дайн, зүүн хойд хятадыг чөлөөлөхтэй холбоотой хэлэлцээрт хоёрдугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан байдаг.

Тэр үед 1924 оны тавдугаар сарын 31-ний ЗХУ-Хятадын хэлэлцээрээр монголыг хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гээд зөвшөөрчихсөн болохоор хятад манайхыг зүгээр нэг тавиад өгчихсөнгүй “Хэрэв монголчууд бүх нийтийн санал асуулга явуулж, тусгаар улс гэдгээ баталбал...” гэсэн болзол тавьжээ.

Ингээд хятадын зөвшөөрснөөр Германыг ялсны дараа ЗХУ дорно зүгт японыг бут цохих дайн зарлаж 1945 оны есдүгээр сарын 3-нд Японы эрэгт америкийн Миссури хөлөг дээр Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар 6 жил үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайн төгссөн түүхтэй. Үүний дараа хятадын засгийн газрын хяналт дор 10 дугаар сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж БНМАУ тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй.

Мөн Ялтын бага хурал нь олон улсын хүрээнд энхтайвныг сахиулахад нөлөөлөл үзүүлэх олон улсын байгууллага байх нь зүйтэй гэсэн санал гарч улмаар Нэгдсэн Үндэстний байгууллагын үзэл санааг анх ярьсан байна. Үүний үргэлжлэл болж 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сан-Францискод НҮБ-ын дүрэм боловсруулах бага хурал болсон байна.

70 жилийн өмнө яг энэ өдөр Крымийн Ялтад эхэлж байсан холбоотон гурван гүрний төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Ялтын бага хурал нь Монгол Улсын түүхэнд цоо шинэ эргэлт авчирч тусгаар тогтнолын эхийг тавьсан үйл явдалбайжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ