Улаан туг намируулсан Цагаан чоно
Тайванийн Хятадыг нэгтгэх үйлсийн төлөө намын тэргүүн Жан Юнлэгийн намтар түүх Хонконгийн мундаг алаан хядаантай киног санагдуулдаг билээ. Тэрбээр залуучуудын нэгэн гэмт бүлэглэлд элсэн орж, улмаар гэмт хэргийн ноён оргил хүртэл мацсаар Цагаан чоно гэдэг хочоороо алдаршсан нэгэн. АНУ-д чамгүй олон жилийг шоронд өнгөрүүлээд, эх орондоо өргөст торны цаана суухаас зайлсхийж чадсан тэрбээр өдгөө Тайвань арлыг эх газрын Хятад Улстай нэгтгэх санааг талархан дэмжих болжээ.
Гэмт бүлэглэлийн овгор тэрбээр энэ үйл хэргийг явуулах адислалыг Хятадын Коммунист намын удирдлагаас авсан гэж өгүүлдэг аж. Өнөөдөр Жан Юнлэ БНХАУ-ын дээд удирдлагад олон тооны танил талтай хэмээн өөрийгөө ойлгуулахыг хүсэгч нэлээн ирээдүйтэй улс төрч хэмээн харагдахыг мэрийж байгаа. Түүний тэргүүлдэг нам 2016 онд Тайваньд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн нэр дэвшигчийг дэвшүүлэхээр бэлтгэж байгаа юм. Тиймээс Жаны тойрон хүрээлэл өдгөө сэтгүүлчдээс Цагаан чоно гэдэг хочийг нь ашиглахгүй байхыг хүсч байгаа билээ. Ийм хочийн дор тэрбээр эрүүгийн том элемент гэдгээрээ алдартай.
Хаан-нугасны хамсаатан Цагаан чоно
Тайванийн хууль сахиулах байгууллагад байгаа мэдээллээр бол Жан Юнлэ олон жилийн туршид Чэнь Цилигийн баруун гар нь байжээ. Цили бол 30 жилийн туршид “Хулсны холбоо” гэдэг нэртэй гэмт бүлэглэлийг тэргүүлсэн зартай этгээд юм. Энэ байгууллага 1950-иад онуудад Тайпэй хотын нэгэн захын дүүрэгт жирийн нэг гудамжны хөвгүүдийн гэмт бүлэглэл маягаар үүссэн гэдэг. Тэр бүлэглэлд голчлон коммунистуудтай хийсэн Иргэний дайнд Чан Кайши ялагдал хүлээн Тайвань арал руу зугтаах үед дагаж явсан Гоминьданы дээд тушаалын офицеруудын хүүхдүүд багтаж байжээ. Тэд хамтдаа гаднаас ирсэн амьтад хэмээн өөрсдийг нь дээрэлхэн зоддог байсан нутгийн хүнд гаруудаас аврагдах боломжтой байсан юм.
Цэргийн хүмүүсийн хүүхдүүд учраас энэ нь өөрийн гэсэн ул мөрийг үлдээв. Маш хатуу чанга сахилга баттай, бат бэх байгууллага асар богино хугацаанд нэр нөлөөтэй болсон аж. Удалгүй өсч том болсон хөвгүүд Азийн гэмт бүлэглэлүүдийн голчлон хийдэг бизнесийг эрхлэх болжээ. Тэд автомашин хулгайлж, дээрэм тонуул хийж, бусдын өмнөөс өр төлбөр нэхэж, захиалгат аллага үйлдэж, биеэ үнэлэгчид болон хууль бус мөрийтэй тоглоомын газруудыг хамгаалалтдаа оруулав. Тэр үед Тайвань арал дээр цэргийн онц байдал мөрдөгдөж байсан ч гэмт бүлэглэлүүд хэрхэн амь зогоож байсан нь сонирхол татдаг. Генералиссимус Чан Кайши өөрийн атгаг санаа бодлоо гүйцэлдүүлэхийн тулд Хятадын нууц гэмт бүлэглэлүүдийн дайчдыг үе үе ашигладаг байсан билээ.
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр бол аль 1920-иод онуудын эхээр Чан Кайши Хятадын Шанхай хот болон түүний ойр орчимд нөлөөтэй байсан “Ногоон ахан дүүс” буюу Цинбан гэдэг томоохон гэмт бүлэглэлийн удирдлагатай холбоо тогтоожээ. Шанхайн нууц гэмт бүлэглэлүүдийн удирдагчидтай холбоо сүлбээтэй болсноор Гоминьданы ирээдүйн тэргүүн тухайн үеийн Хятадын улс төрийн бодлогын бодит байдал, үйл явц, үйл ажиллагааны механизмыг нарийн ойлгож, судлах боломжтой болов. Мөн энэ харилцаа холбоо түүний төрийн эрх барихын төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Хамгийн гол нь, яг хэрэгтэй мөчид хүчирхэг гэмт бүлэглэлүүдийн бүх чадал, боломж бололцоог ашиглах нь чухал байв. Энэ улс төрийн хатуу зарчмыг Гоминьданы олон удирдагчид ойлгосон гэлцдэг. “Хулсны холбоо”-ны оролцсон айхтар шуугиан 1984 онд дэгдсэн юм. Тэгэхэд АНУ-ын Калифорни дахь өөрийн байшингийн гараажид тус улсад цагаачилж ирсэн зохиолч Хэнри Лю хороогдсон билээ. Тэрбээр өөрийн бичсэн нийтлэл болон зохиолууддаа Тайванийн авторитар дэглэмийг эрс шүүмжилдэг байсан аж. Мань хүн Тайванийн тэр үеийн Ерөнхийлөгч, Чан Кайшигийн хүү Зян Зингогийн намтар түүхийг хар талаас нь бичсэн ном гаргаад төдөлгүй гараажиндаа хороогджээ.
Гэмт хэргийн бүх ул мөр Тайванийн цэргийн тагнуулын алба руу хөтөлсөн бөгөөд тэрхүү аллагын гол зохион байгуулагч нь Хаан-нугас байсан гэнэ. Дээрхи гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа тэрбээр өөрийн хамсаатнуудын хамт Тайвань руу зугтаж чадсан бөгөөд АНУ-ын дарамт шахалтын дор л “Хулсны холбоо”-ны удирдагч шүүхийн танхимд толгой гудайлгасан билээ. Гэхдээ түүнийг америкчуудад өгөөгүй юм. Хэргийг мөрдөн шалгах явцад мафийн толгойлогч тэрс үзэлтэн зохиолчийг хороосных нь төлөө Гоминьданы албан ёсны хүмүүс тэдэнд 20 мянган доллар төлөхөө амласан гэж мэдүүлжээ. Гэхдээ мань хүн эх оронч үзэлтэй нэгэн тул тэрхүү бохир ажлыг гүйцэтгээд ямар ч мөнгө авахгүй байхаар шийдсэн аж. Гэвч шүүх хуралдаан дууссаны хойно Хаан-нугас бараг тэр даруй өөрийн өгсөн мэдүүлгүүдээс буцсан бөгөөд тус улсын тагнуулын албад тэрхүү аллагад ямар ч хамааралгүй гэж өгүүлжээ. Гоминьдан ч түүнд нааштай хандсан гэдэг. Бүх насаараа хоригдох ял сонссон Чэнь Цили өршөөгдсөн бөгөөд ердөө зургаан жилийг өргөст торны цаана өнгөрүүлээд 1991 онд эрх чөлөөтэй болсон юм. Гэхдээ таван жилийн дараа тэр дахиад л эрүүгийн хэрэгт орооцолдох шахсан билээ. Өөрийг нь ирж баривчлахаас урьтан Хаан-нугас Тайванийг орхин Кампуч руу зугтжээ. Тэрбээр 2007 онд Хонконгийн нэгэн эмнэлэгт таалал төгссөн бөгөөд олны өгүүлдгээр бол амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл гартаа “Хулсны холбоо”-ны удирдлагыг атгаж байсан аж.
Олон дипломтой гэмт хэрэгтэн
Тэрс үзэлтэн зохиолч Хэнри Люг хороох үед Цагаан чоно АНУ-д очсон байжээ. Гэвч тэр уг хэргийг гүйцэлдүүлэхэд оролцоогүй байна. Харин мань хүн тэр хэрэг бэлтгэгдэж байгаа гэдгийг мэдэж байсан болов уу. Цагаан чоно Америкт сургуульд сурах нэрийдлээр очсон ч үндсэндээ бол тус улс дахь гэмт бүлэглэлийнхээ удирдагчдын нэг нь байсан юм. Тайвань Улсын өнөөгийн улс төрийн элит хүрээлэлд багтахын тулд Америкийн аль нэг нэр хүндтэй их сургуульд суралцах нь зайлшгүй шаардлагатай болдог зүйл билээ. Тайванийн өнөөгийн Ерөнхийлөгч Ма Инзю л гэхэд Харвардад докторын зэрэг хамгаалсан нэгэн бөгөөд өмнө нь Нью-Йоркийн их сургуульд хууль эрхзүйн магистрын зэрэг цол хамгаалжээ. Харин Жан Юнлэгийн хувьд тэрбээр Америкийн дээд сургууль дүүргэснийг нь гэрчлэх таван ч дипломтой нэгэн гэнэ. Гэхдээ Тайванийн улс төрчдөөс хэн нь ч Америкийн шоронд ял эдэлж байхдаа дипломтой мэргэжилтэн болж чадсан хэмээн гайхуулж чадахгүй л болов уу.
Хууль журмыг ягштал даган биелүүлдэг эгэл жирийн оюутан байж үнэхээр чадсангүй. Зохиолч Хэнри Люг зэрлэгээр хороосны дараагаар Америкийн хууль сахиулах байгууллагынхан Азийн гэмт бүлэглэлүүдтэй хийх тэмцлээ маш эрчимжүүлжээ. Ингээд Жан Юнлэг Америкийн шүүх хар тамхи худалдаалсан хэрэгт буруутган 15 жил шоронд хорихоор болсон юм. Мань хүн тэр ялнаасаа арван жилийг нь яс суусан аж. Дараа нь түүнийг сахилга бат сайтай байсан гэж үзээд хугацаанаас нь өмнө чөлөөлж, тэр даруй Тайвань руу хүргэжээ.
Эх нутагт нь түүнийг юмыг яаж мэдэхэв гээд бас л 14 сараар хорьсон гэнэ. Наранд гараад Жан Юнлэ барилгын бизнес эрхлэв. Яг үнэндээ арал дээр өнгөрүүлсэн түүний амьдралын цаг үе тийм ч удаан үргэлжилсэнгүй. Төдөлгүй Тайванийн төр, засаг тус улсын хамгийн өндөр боловсролтой гэмт хэрэгтнийг баривчлах шийдвэр гаргажээ. Гэвч мань хүн тэднээс зугтааж дөнгөсөн бөгөөд коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу оргон зайлсан байна.
Чухам энд л хамгийн сонирхолтой түүх эхлэдэг билээ. Гайхалтай нь, чухам БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр Цагаан чоно өөрийн амьдралын хамгийн амар тайван 17 жилийг өнгөрүүлсэн юм. Хятадын удирдлага оргон зайлагчийг буцаан өгөх шаардлага тавьсан Тайванийн удаа дараагийн хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй аж. Тайванийн хоолойн хоёр талын эрэг дээр байдаг улсууд гэмт хэрэгтнүүдийг харилцан солилцох гэрээ байгуулсны дараа ч түүнийг Тайванийн талд хүлээлгэж өгсөнгүй. Өнгөрсөн оны зуныг хүртэл Жан Юнлэ Хятадын өмнөд хэсэгт орших хөгжлөөрөө гайхуулж байгаа Шэньжэн хотод амар тайван амьдарчээ.
Харин ч тэр үе үе Хятадын Коммунист намын баримталж буй албан ёсны жанжин шугамд бүрэн нийцэхүйц мэдэгдлүүдийг хийж байлаа. Жишээ нь, Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцыг тэрбээр улс орныг хагалан бутаргагч хэмээн нэрлэжээ. Тайвань арлын хувьд гэвэл энэ газар нутаг Хонконгийн загварчлалаар эх газрын Хятад Улстай аль болох хурдан нэгдэх ёстой гэж Жан өгүүлж байсан юм.
Дээр нь Цагаан чоно Тайваньд улс төрийн гуравдагч хүчнийг байгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн аж. Тэр хүчин тус арал дээр эрх барьж буй Гоминьданы нам болон сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намтай ширүүн өрсөлдөх бөгөөд Хятадын Коммунист намын ашиг сонирхлыг илэрхийлэх болно хэмээж байлаа. “Ээжийнхээ араас гашуудах гурван жилийн хугацаа дуусгавар болонгуут би Тайвань руу эргэж очих болно. Өөрийн үлдсэн амьдралаа Тайванийн төлөө ямар нэг зүйл хийхийн тулд зориулна” гэж Жан амлажээ.
Тайваньд сүр дуулиантайгаар эргэж ирсэн нь
Тэр өөрийн өгсөн амлалтад хүрч, үнэхээр л эх орондоо эргэж ирсэн билээ. Оргон зайлсан гэмт этгээдийн хөлөглөсөн нисэх онгоц Тайпэй хотын Суншань нисэх онгоцны буудал дээр газардахад түүнийг хэдэн зуун цагдаа нар хүлээж байсан юм. Хилийн шалган нэвтрүүлэхээр орж ирэнгүүт нь Жан Юнлэгийн гарт гав гялсхийжээ. Гэхдээ үүнээс өмнө мань эр хэдэн хормын хугацаанд сэтгүүлчидтэй харилцаж дөнгөсөн гэнэ. Цагаан чоно гартаа жижигхэн товхимол барьсан байсан бөгөөд түүн дотроо Тайвань болон эх газрын Хятад хоорондын харилцааны талаархи өөрийн санаа бодлоо дэлгэсэн байв.
Нисэх онгоцны буудал дээр “халуун дотно” хүлээж авсаны дараагаар шүүх хурал, шуугиан тарьсан илчлэлт зэргийг хүмүүс хүлээж байлаа. Тэгвэл олон хүний гайхшралыг төрүүлэн Тайпэй хотын прокурорын газар тэр өдрөө л Жан Юнлэг ёс төдий барьцаа аван суллаж явуулжээ. Мань хүн суллагдахын тулд ердөө 33 мянган доллар төлсөн гэдэг. Энэ нь урьдчилсан байдлаар ярьж, зөвшилцсөний үр дүн байв уу гэдэг нь нууц хэвээр үлдсэн юм. Эх нутагтаа Жан Юнлэ тэр даруй л улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд арал даяар өөрийн намын үүрүүдийг байгуулж эхлэв. Мань хүн аль эрт буюу Хятадад амьдарч байхдаа намаа байгуулчихсан байжээ. Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, олны өмнө нээлттэй үг хэлэхдээ тэрбээр эх газрын Хятадтай илүү нягт холбоотой байх хэрэгтэй гэдгийг хэлж байв.
Тайванийн оюутан залуус эх газрын Хятад Улстай үйлчилгээ наймаалцах гэрээ байгуулахыг эсэргүүцэн парламентын ордоны гадаа олон хоногийн суулт зарлах үеэр Жан Юнлэ тэдэнтэй учраа ололцохоор очжээ. Эвгүй царайтай, хүдэр чийрэг биетэй дагуулуудаа хөтлөөд Жан тэнд сууж байсан залуусыг эх оронч сэтгэлгээгүй нөхдүүд хэмээн буруушаагаад, нэн даруй эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан аж. Тэр үеэр Жан “Та нар хятад хүн байх эрхгүй нөхдүүд” хэмээн хашгирч байжээ. Тайванийн Засгийн газар үүнтэй холбогдуулан тусгай мэдэгдэл гаргахад хүрсэн бөгөөд “сайн дурын” туслахаасаа зай барих хэрэгтэй болов. Сайд нарын танхимын хэвлэлийн төлөөлөгчийн тараасан мэдэгдэлд “Гэмт хэргийн ертөнцтэй холбоотойд сэжиглэгдэж буй хүмүүс энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нийгэмд сөргөлдөөн үүсгэн дэвэргэхэд чиглэгдсэн аливаа үйлдлүүдийг тэвчихгүй” хэмээсэн байлаа.
Жан Юнлэ бие даан үйл ажиллагаа явуулж байна уу, аль эсвэл БНХАУ-ын засаг захиргаанаас чиг үүрэг аваад байна уу? Сэтгүүлч Жон Гарнотой ярилцахдаа тэрбээр ханхүү нарын маш олонтой нь танил гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хятадад их удирдагч Мао Зедуны ойрын хүрээлэлд багтаж байсан дарга нарын үр садыг ингэж нэрлэдэг билээ.
Сонирхолтой нь, энэ улс төрийн бүлэглэлд БНХАУ-ын өнөөгийн дарга Си Зиньпин багтдаг юм. Өөрийн сайн танилуудын нэгээр Жан Юнлэ жишээ нь Ху Шииныг нэрлэсэн байна. Тэр бол Хятадын нэрт онолч бөгөөд намын суртал ухуулагч Ху Цяомугийн хүү билээ. Энэ хүн БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Цагаан чонын өгүүлж байгаагаар Шэньжэнд амьдарч байхдаа мань хүн Тайванийн асуудлыг хариуцсан хороонд ч өндөр албан тушаалын танилуудтай байсан гэнэ. Харин Цагаан чонын албан тасалгааны ханан дээр өлгөөтэй байгаа БНХАУ-ын таван одтой төрийн далбаа эх оронч байдалд таагүй өнгөрсөн түүх нь огтхон ч хамаагүй гэдгийг илтгэх мэт. Гэхдээ энэ хандлага Хятадын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн Дэн Сяопины дэвшүүлсэн зарчимд нийцэж байгаа юм. Цагтаа тэр Хонконгийг БНХАУ-д нэгтгэсний дараа хэрхэх талаар чиг үүрэг өгөхдөө орон нутгийн засаг захиргаа эх орончдод суурилсан байх ёстой гэж хэлсэн билээ. Их удирдагч Дэн тэгэхэд “Хятад үндэстэнг хүндэтгэж үздэг эх оронч хүн бол Хонконгийн тусгаар байдлыг сэргээх явдлыг чин зүрхнээсээ хүсэх нь дамжиггүй” хэмээн онцолсон аж. Цугларсан олны гайхшралыг төрүүлэн тэрбээр цааш нь “Энэ шаардлагуудад нийцэж байгаа тэр хүмүүс жинхэнэ эх орончид билээ. Тэд хөрөнгөтний нийгэм, феодалын нийгэм юм уу боолчлолд дуртай эсэх нь энд огтхон ч хамаагүй” гэж нэмж хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ