Сумогийн холбоо Хакуход анхааруулга өгнө гэв
Японы Мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтын эзэн болсон Хакухо Даваажаргалын талаар тус улсын хэвлэлүүдэд “Хатуу ширүүн барилдаж байна”, “Өрсөлдөгчөө ялчихсан хойноо нэмж түлхдэг”, “Шагналын мөнгө авахдаа хөмхий зуугаад л” гэх мэтээр шүүмжилж эхэлжээ. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мэдэлтнүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Их аварга “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ. Мэргэжлийн сумогийн холбоо өнөөдөр хуралдаж Хакуход хатуу анхааруулга өгөх болсноо мэдэгдсэнийг тус улсын хэвлэлд бичжээ.
П.Хонгор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ