Бэлчээрээ булаалгасан өвөрмонгол малчин олны өмнө амиа егүүтгэжээ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абаг сумын 45 настай малчин Төмөр бэлчээр газрыг нь төр хууль бусаар булааж авсныг эсэргүүцэн сумынхаа захиргааны үүдэнд олны нүдэн дээр өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр “Ядуусыг тэтгэх” гэх төслийн хүрээнд бэлчээрийг нь хурааж авсан захиргааны шийдвэрийг олон жил эсэргүүцэн тэмцсэн ажээ.

Ер нь сүүлийн үед Өвөрмонголд төрөлх нутагтаа цөөнх болсон монголчууд газар нутаг, үндэстний эрх, соёл уламжлалыг нь илүүтэй хамгаалахыг шаардан тэмцэх явдал ихэссэн тухай “Ройтерс” агентлаг уламжилж байна.Төмөрийн нэгэн хамаатантай холбоо барихад амиа егүүтгэснийг нь батлаад, “Биднийг Төмөрийн явдлын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байхыг хатуу сануулсан” гэжээ.

Түүнчлэн өчигдөр Өвөрмонголын төв Хөх хотын захиргааны ордны өмнө 300 гаруй өвөрмонгол малчин бэлчээр нутгийг нь эргүүлэн өгөхийг шаардан жагссан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ