Энэрэнгүй сэтгэлтэй муур орцонд хаягдсан нярайн амийг аврав

Оросын Калуга мужийн Обнинск хотын нэгэн байранд 1-р сарын 10-нд энэ аймаар үйл явдал болжээ. Хүнээ алдсан нэгэн этгээд нярай хүүхдийг орцонд хаяад явсан байна.

Харин тэр хүүхдийг өрөвч сэтгэлтэй муур асран, хэдэн цагийн турш дулаацуулж амийг нь аварчээ.

Одоо Мурка хочит энэ муур тус байрын оршин суугчдын бахархал боллоо. Надежда Маховикова гэдэг эмэгтэй гадаа нь муур учиргүй чанга чарлаад байгааг сонсоод гарчээ. Муур зодож байгаа байх гээд түүнийг аврахаар гарсан эмэгтэй хогийн хоолойн дэргэд очоод цаасан хайрцаг руу нь шагайв. Гэтэл тэнд нярай хүүхэд унтаж байлаа.

Орцонд хүйтэн байсан ч хүү хөлдөөгүй, харин ч нэг бөөр нь бүр халуун байжээ. Муур түүнийг хэдэн цагийн турш дулаацуулж байсан гэнэ.

Хаягдсан бяцхан хүү тансаг хувцастай, хэр баргийн хүн авч дийлэхгүй өндөр үнэтэй сүү бүхий угж, бас үнэтэй живх, соосктой байлаа. Гэхдээ бичиг зурвас үлдээгээгүй аж.

Надежда Маховикова “Ээжийнх нь амьдралд ямар нэг хүнд юм тохиолдоод л ийм алхам хийсэн байх. Хөөрхий муур тэр хүүхдийг өөрийн зулзагаа гэж бодсон биз” гэж ярилаа.

Эмч, цагдаа нарыг ирэн иртэл Мурка муур нярай хүүхдийн дэргэдээс огт холдохгүй байлаа. Түргэний эмч Вера Иванина “Мурка яг л үрийнхээ хойноос санаа зовж байгаа эх мэт хүнээс хүн рүү гүйгээд байлаа. Жолооч маань хүүг аваад явахаар муур өрөвдөлтэйгээр мяу дуугаран араас нь гүйгээд байсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Мурка нөгөө хүүг гудамжинд гарч үдэж өгснөөр барахгүй түргэний машин руу орох гэж зүтгэв. Түүнийг мэдээж оруулаагүй. “Мурка дараа нь зам дээр удаан суусан. Түргэний машиныг эргээд ирэх байх гээд их хүлээсэн дээ” гэж тэр байшингийн оршин суугчид мэдэгдлээ.

Араатан амьтнаас ч харгис сэтгэлтэй эцэг, эхдээ хаягдсан хүүг эмнэлэгт аваачин бүх төрлийн шинжилгээ хийжээ. Хүү 2 сартай бөгөөд гадаа удаан байсан ч бие нь эрүүл, амь насанд халгүй өнгөрчээ.

Оросын Цагдаагийн газар зарлал өгч эцэг, эхийг нь эрэн сурвалжилж байна. Харин Мурка нөгөө хайрцгаа үе үе үнэрлэж, хүний бяцхан үрээ санагалзан гунигласаар л байгаа сурагтай.

Өвлийн хүйтэнд орцонд хэдэн цаг байсан ч амьд үлдсэн хүү ус уух хувьтай л байж.

Хэр баргийн хүнээс ч сайхан сэтгэлтэй Мурка муур.

Надежда Маховикова.

эх сурвалж: www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ