Магсаржаламын Баярмагнай гэртээ 65 хоног л амьдардаг гэнэ
10 жилийн дараах амьдралаа зургаан хүүхэдтэй, өнөр өтгөн айлын тэргүүнээр төсөөлдөг Макс продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр NTV телевизийн Нандиагийн шоунд уригдан оролцож амьдралынхаа сайн сайхан мөчүүдээс хуваалцсан юм.
Тэрбээр, хамгийн сайн аав байхыг хүсдэг ч жилийн 365 хоногийн 65-ыг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаадаа жаахан сэтгэл дундуур байдаг гэнэ лээ. Гэсэн ч амьдралынх нь түшиг болсон хань нь ар гэрийнх нь амьдралыг Магнай гэх хүний үүрэг оролцоогүйгээр авч яваад тун ч их баярладаг хэмээн ярьсан юм.
Эрхэм жүжигчин маань амралтын өдөр гэж бараг л байхгүй ч олдсон цагийг үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлж, хүүхдүүддээ сайн аавын үлгэр дуурайл үзүүлэх гэж хичээдэг аж. Дэлгүүр хэсэхдээ чамгүй үрэлгэн жүжигчин маань анх мандалин тоглож сураад дараа нь гитар тоглож сурчээ.
Оюутны байранд цонхны тавцан дээр хичээл уншиж суудаг жаахан охинд ахын сэтгэлээр хандан алим чихэр бэлэглэж явсаар ханьтайгаа нэг гэрт орсон гэнэ лээ.Мөн үндэсний үйлдвэрлэлээ хамгийн их дэмжиж, гэр бүлээрээ гэртээ өмсөх хувцас хэрэглэлээ хүртэл үндэсний үйлдвэрийн бараанаас сонгон авдаг аж.
Дашрамд дурьдахад тэрбээр шинэ оны торгон мөчид монголчуудаа өвчингүй, өргүй, эрүүл энх аз жаргалтай 2015 оноо угтахыг аминчлан захив.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ