Олны өмнө үг хэлэхдээ анхаарах ТАВАН зүйл
Шинэ жилийн үйл ажиллагаа, төрсөн өдөр, найз нөхөд, хамт олны уулзалт гээд олны өмнө үг хэлэх шаардлага гардаг өдрүүд олон. Ялангуяа сүүлийн өдрүүдэд та энэ төрлийн “урилга”-тай их таарч байгаа байх. Тэгвэл олны өмнө үг хэлэхдээ юу юуг анхаарах ёстойг хэлж өгье.
Мэддэг зүйлээ ярь
Үг хэлэх үеэрээ хэтэрхий ухаалаг, гойд нэгэн болох гэж хичээх хэрэггүй. Мөн үг хэлэх гэж буйгаа урьдчилж мэдсэн бол цагаасаа өмнө тохиромжтой зогсох газар, тайзаа судалж, микрофоныг хэрхэн хэрэглэхийг мэдэж ав.
Дараа нь хэнд хандаж, юу хэлэхээ бэлд. Хамгийн чухал нь хэлж буй үг тань таны хамгийн сайн мэддэг, түгдрэлгүй ярих сэдэвтэй байх ёстой шүү.
Өөрийгөө төсөөл
Өөрийгөө ямар харагдаж байгааг, ямар харагдаж болохыг хамгийн түрүүнд төсөөлж чадах хүн бол та. Тиймээс чухал хүлээн авалтын үеэр үг хэлэхийн өмнө толинд харж бэлтгээрэй.
Хоолойгоо сайтар сонсож, чанга сул, хурдан удаан ярих темпээ тааруулах хэрэгтэй. Үүнийг анхаарвал хэлбэр, агуулгын хувьд зөрөхгүйгээр сайн илтгэл тавих боломжтой.
Дундаж байхаас зайлсхий
Хэлэх үгээ бэлдэхдээ анхаарахаас гадна үгээ бусдад хэрхэн хүргэх вэ гэдгийг анхаарах нь бас чухал. Ингэхдээ хүн бүрийн хэлдэг улиг болсон яриа биш сонирхолтой, сэтгэл хөдлөлтэй байлгах хэрэгтэй.
Мөн үг хэлэх үеэрээ жижиг алдаа гаргасан ч санаа зовох хэрэггүй. Учир нь та өөрөө эмоцитой байж чадвал үүнийг хүмүүс нэг их анзаараад байхгүй.
Зогсолтондоо анхаар
Баярын үйл ажиллагааны үеэр өөрийн яриандаа анхаарахаас гадна зогсолтондоо анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс элдэв хөдөлгөөн, эв хавгүй байдлыг харвал хэлж буй үгийг чинь анзаарахгүй.
Тиймээс биеийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөлөө эвгүй зөрүүлж зогсох, тэнцвэргүй байх, индэр өнцөгдөж, хэт хойно, хэт урд зогсохгүй байхыг хичээгээрэй.
Энгийн түүхээс эхэл
Бусдад энгийн, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд ямар нэгэн түүхээс эхэл. Амьдралд чинь тухайн үйл явдал, хүмүүстэй холбоотой хөгжилтэй түүх, сайхан дурсамж зөндөө бий.
Ийм түүх ярьснаар хүмүүст яриа чинь илүү бодитой санагддаг. Мөн судалгаанаас үзэхэд түүх ярих нь бусдын анхаарлыг 65 хувиар илүү татдаг гэжээ.
эх сурвалж: ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ