Хамгийн оюунлаг жудагтай бөх
Бөхчүүд дотроос хамгийн оюунлаг, боловсролтой бас жудагтай бөхөөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг бөх сонирхогчид нэрлэдэг билээ. Угийн даруу зантай харцагын хувьд мэдрэмжтэй, даацтай мэх хийдгийн дээр унасан ч, давсан ч учраа бөхдөө хүндэтгэлтэй, жудагтай ханддаг нь өчигдрийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөртэй бөхийн барилдааны үзүүр, түрүүний барилдаанд харагдав. Тэрбээр энэ жилийн отгон барилдаанд урамтай сайхан барилдаж үзүүрлэсэн юм.
Залуу аварга С.Мөнхбаттай үзүүр, түрүүнд барилдсан тэрбээр өөрийгөө унасан гэдгээ мэдсэн ч засуул “Чи давчихсан. Дэв ээ” гэж толгой дохиход нь мань хүн барьц алдаж дэвсэн талаараа “Би унасан кк. Засуул дохихоор нь дэвээд жаахан түргэдчихлээ” гэж жиргэжээ.
Мөн өнгөрсөн 11 дүгээр сард заалны нэг барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайханд хүчтэй шидүүлж “Арай л хатуу уналаа. Барцад арилсан байх аа. Дахиж түүнтэй таарахыг хүсэхгүй байна” хэмээн гүндүүгүй зангаараа хариулж байсан удаатай. Т.Өсөх-Ирээдүй нь шүлэг бичиж, яруу найраг сонирхохоос гадна бөхийн тухай ном бичиж хэвлүүлж байсан. Тиймээс түүний үеийн бөхчүүд дундаа хамгийн оюунлаг боловсролтой бөхөөр байнга нэрлэдэг байна.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ