Наполеоны орлон тоглогчдын нууц

• Хуурамч эзэн хаад хэд байсан бэ? •

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Муаммар Каддафи 2011 оны аравдугаар сарын 20-ны өдөр алагдаагүй гэх мэдээллүүд олноор гарах болов. Каддафи Ливийн төрийн зүтгэлтэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ливийн Арабын социалист ард Жамахирын тэргүүн байсан билээ. Тэгвэл хэн бүслэгдсэн Сирт хотоос мултран гарах гэж оролдоод босогчдод баригдсан болж таарах вэ? Нүүр, ам нь цус нөжтэйгээ хутгалдсан тэр хүнийг дэлхийн телевизийн бараг бүх сувгууд харуулсан байх. Хэнийг тийм удаан яргалан тарчлааж, хэн амьдралынхаа эцсийн мөчид тамлан зовоогчдоосоо бодлоо өөрчлөхийг уриалж байсан болж таарах вэ? Хэний шарилыг дараа нь Мисурат дахь худалдааны төвийн ногоо хадгалдаг хөргөгчин дотор тавьж, түмний нүдэнд үзүүлсэн болж таарах вэ? Мэдээж, тэр бол Муаммар Каддафи байсан.

Тэгвэл хөндлөнгийн шинжээчид түүний ДНХ шинжилгээг явуулсан гэж үү? Үгүй ээ, явуулаагүй юм. Тэр ч бүү хэл, хороогдсон эрийг нууцаар элсэн цөлд аваачиж булсан гэдэг билээ. Тийм учраас л тэр зурагтаар гардаг хүн бол Ливи Улсын төрийн тэргүүнтэй дэндүү адилхан нөхөр гэсэн таамаглал гарсан болов уу. Түүнд буюу хурандаа Каддафид орлон тоглогчид дэндүү олон байсан гэлцдэг. Аюулгүйн албаны бүхэл бүтэн тасаг энэ зорилгоор ажиллаж байжээ. Зарим нэг шинжээчид Каддафиг амьд сэрүүн бөгөөд Африкийн нэгэн улсад амар тайван амьдран сууж буй хэмээн мэдэмхийрэх болсон.

Үүнийг бас үгүйсгэх аргагүй билээ. Хаанчилж буй нөхдүүд орлон тоглогч ашиглах явдал аль эрт үеэс түгээмэл болсон зүйл юм. Сталин, Гитлер, Ким Ир Сен, Саддам Хусэйн нарт орлон тоглогчид байсан гэж үздэг. Түүнээс өмнө дарангуйлагчийн нас барсан шалтгаан тодорхойгүй үлдсэн тал бий. Олон зуун жилийн туршид шүү.
Жишээ нь, Эзэн хаан I Наполеоны үхлийн шалтгааныг олж мэдэхээр хүн төрөлхтөн бараг 200 жил толгойгоо гашилгаж байна.

Феликс, эцэг Илларион ба бусад нь

Наполеон Гэгээн Еленагийн арал дээрээс оргон дайжаад амьдралын сүүлчийн мөчөө Европт өнгөрүүлсэн гэх дор хаяж гурван ч домог яриа байдаг юм. Түүний нэгд өгүүлдгээр бол Наполеоныг цөллөгт аваачихаар авч явсан хөлөг онгоц 1815 оны наймдугаар сарын 07-нд экваторын бүс рүү орох үед Францын Альпын нуруунд орших нэгэн тосгонд тун сонин хүн гарч ирсэн аж.
Ид мандан бадарч байх үед нь Наполеоныг өөрийн нүдээр харж байсан тосгоны оршин суугчид тэр хүнийг Эзэн хаан байна гэж таньсан ч мань эр өөрийг нь Феликс гэдэг хэмээн танилцуулжээ.

Эзэн хааны цагдаа нар шууд л түүний мөрөөр орж баривчилсан бөгөөд Вьенн-ан-Дофинэ шоронд хорив. Үүгээр Наполеон-Феликсын ул мөр алга болдог. Нөгөө нэг домог яриа Манд хотын захиргааны нарийн бичгийн дарга Арман Маркизэгийн 1822 онд өгсөн мэдүүлэгт суурилсан аж. Тэрбээр хотын ойр орчимд өөрийгөө эцэг Илларион хэмээн танилцуулсан нэгэн ламтан амьдран сууж байгааг олж мэджээ. Эргэн тойронд буй тосгодын хүн ам яагаад ч юм тэр ламтны өмнө мэхийн сөгддөг байсан бөгөөд түүний нэрийг ихэд айдас хүйдэстэй хэлдэг байсан гэнэ. Гайхаж хоцорсон, бас сониуч зан нь хөдлөсөн Маркизэ судалгаа явуулснаар тэрхүү нууцлаг ламтан гэнэт хаанаас ч юм гарч ирээд хотоос холгүйхэн орших нэгэн хагас нуранги болсон цайзыг худалдаж авсан гэдгийг мэджээ.

Тосгодын оршин суугчид тэр ламтан бол тэдний Эзэн хаан асан хүн хэмээн шивнэлдэж байсан гэнэ. Маркизэ цагдаа нарыг дагуулаад өөрийн биеэр очиж байдлыг газар дээр нь тодруулахаар шийдэв. Эцэг Илларион тэднийг зам дээр угтаж авахдаа лам өмсгөлтэй морьтон хүмүүсийн тэргүүнд явж байсан гэдэг.
Хамгийн сонирхолтой нь, тэр ламтнууд бүгд морин дээр гарамгай зайдлан сууж байжээ. Дээр нь Маркизэ эцэг Илларион Эзэн хаан Наполеонтой усны дусал шиг адилхан байсныг хараад ихэд гайхсан аж. Гурав дахь домогт өгүүлдгээр бол 1821 оны тавдугаар сарын 05-ны өдөр Гэгээн Еленагийн арал дээр Наполеон биш харин түүнтэй нүгэлтэй адилхан Робо гэдэг түрүүч эр нас барсан гэж үздэг. Харин Эзэн хаан өөрөө амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Итали Улсад өнгөрүүлсэн гэнэ.

“Бид бүгд Наполеонууд руу харж байна”

Төр, засгийн эрхэнд гарснаасаа хойш Наполеон Европ даяар өөртэй нь адилхан хүмүүсийг хайж олохыг үүрэгдсэн гэдэг. Ингээд дөрвөн хүнийг олж, түүн дээр авчирсан байна. Хожим нь тэдний хувь заяа янз бүрээр төгссөн аж. Удалгүй нэг нь золгүй байдлаар эрэмдэг зэрэмдэг болсон юм. Тэр хүн морин дээрээс унаад хэнд ч хэрэггүй амьтан болж хувирчээ. Нөгөөх нь ухаан дутуу нэгэн байв. Гурав дахь нь урт хугацааны туршид Эзэн хааныг нууцаар дагалдаж явсан гэнэ. Гэвч хожим нь учир нь үл тайлагдах шалтгаанаар алагджээ. Харин Эзэн хааны дөрөв дэх орлон тоглогч болох Франсуа-Эжен Робогийн хувь заяа илүү сонирхолтой, оньсгоор дүүрэн байдаг аж.

Зарим нэг эх сурвалжид энэ хүн 1775 онд Верден хотоос зургаан километрийн зайд орших Мёз мужийн Балейкур гэдэг жижигхэн хотод мэндэлсэн хэмээн өгүүлдэг. 1793 онд тэрбээр өөрийн мужийн цэргийн албанд сайн дураар элсэж, дайнд явсан байна. Тэрбээр Наполеоноос зургаан насаар дүү байсан ч түүнтэй нүгэлтэй адилхан байсан гэдэг юм. Түүнийг хариуцаж байсан цэргийн хурандаа түрүүч Робог өөрийн дээд удирдлагадаа танилцуулснаар цаадуул нь түүний асуудлыг Цагдаагийн асуудал эрхэлсэн сайд Фушед тавьжээ. Тэр цагаас хойш Робогийн тухай хэн ч, юу ч сонсоогүй аж. Ватерлоо орчимд ялагдал хүлээснээр Наполеон Эзэн хааны суудлаасаа татгалзаж, алс хол орших Гэгээн Еленагийн арал руу цөлөгдсөн билээ. Харин хэнд ч хэрэггүй болсон түүний орлон тоглогч Балейкур дахь өөрийн гэрт эргэн очжээ. Хөдөөний нам гүм амьдрал нэгэн хэвийн үргэлжилж байлаа. Гэтэл нэг өдөр Робогийн гэрийн үүдэнд чамин сүйх тэрэг ирж зогссон гэдэг. Тэр газар ийм зүйл үзэгдэх нь ховор байдаг цаг үе билээ.

Хөшгөөр халхлагдсан сүйх тэрэгний цонхны цаана хэн байсан нь тодорхойгүй үлджээ. Ямар ч байсан тэр сүйх тэрэг гэрийн гадаа дор хаяж хоёр цаг зогссон аж. Гэрийн эзэн дараа нь хөршүүддээ өөр дээр нь зочилж ирсэн тэр хүн эхлээд түүнээс бүжин туулай худалдаж авахыг хүссэн бол дараа нь хамтдаа ан гөрөө хийхийг ятгасан гэнэ. Гэвч тэр зөвшөөрөөгүй байна. Хэдхэн хоногийн дараа Франсуа-Эжен Робо өөрийн охин дүүгээ дагуулаад тэр хотоос алга болжээ. Хожим нь хүмүүс байдал бишидсэнийг ойлгоод Эзэн хааны орлон тоглогч асныг эрж хайж эхэлсэн гэдэг. Тэд Нант хотод амьдран сууж байсан түүний охин дүүг л олжээ. Дүү нь хаанаас ч юм үлэмж баяжаад чинээлэг амьдарч байлаа. Тэрбээр алс холын аялалд гарсан ах нь энэ их мөнгийг түүнд өгсөн хэмээн мэдэгджээ. Чухам хаашаа явсныг нь мэдэхгүй хэмээн мэлзэв.

Робо алга болоод удаагүй байтал Италийн Верона хотод Ревар гэдэг франц эр гарч иржээ. Мань хүн өөрийн түнштэйгээ хамтраад жижигхэн дэлгүүр нээсэн байна. Тэр түнш нь худалдаачин эр Петруччи байв. Түүний тусламжтайгаар ноён Ревар өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн юм. Тэр хойгуур Гэгээн Еленагийн арал дээр цөллөгт байсан Наполеон гэнэт дэндүү мартамхай болж, өөрийн туулсан амьдралын мэдээжийн зүйлүүдийг ч хольж хутган ярих болжээ. Түүгээр ч үл барам түүний бичгийн хэв ч огцом өөрчлөгдөв. Наполеон өөрөө эцэж туран, удаан хөдөлгөөнтэй болсон гэдэг. Харин Веронад ирсэн Ревар гэх франц эрийн байдал хүмүүсийн гайхшийг төрүүлжээ. Тэрбээр дэлгүүр дотроо бараг үзэгдэхгүй байхын зэрэгцээ гудамжинд огт гардаггүй байв. Хөршүүд нь бүгд л түүнийг Наполеон хааны хөрөг зурагтай дэндүү адилхан болохыг нь хараад “Эзэн хаан” гэдэг хоч хайрласан аж. Ревар өөрөө өөрт нь ингэж хандах тоолонд мушилзаад өнгөрдөг байсан гэнэ. Дээр нь Ревар мөнгийг огт тоодоггүй нэгэн байсан тул яагаад худалдаа эрхэлж байсан нь тодорхойгүй үлджээ. Тэр ийм маягаар хэдэн жилийг өнгөрүүлсэн байна.

Нам гүм байсан 30 жил

Албан ёсны бичиг баримтад өгүүлснээр бол 1821 оны тавдугаар сарын 05-нд Гэгээн Еленагийн арал дээр Наполеон Бонапарт таалал төгссөн юм. Харин 1823 оны наймдугаар сарын 23-ны өдөр түүнтэй усны дусал шиг адилхан Ревар бүх ажил хэргээ хаяад Верона хотыг бүрмөсөн орхижээ. Энэ нь маш сонин нөхцөл байдалд болжээ. Хоёр түнш дэлгүүртээ байхад нь үд дундын алдад шуудангийн зарлага хаалгыг нь тогшив. Өмнө нь ноён Ревар өөрийн биеэр зогсож байгаа гэдгийг шалгаад зарлага түүнд хуйлж боосон захидлыг гардуулсан байна. Түүнийг уншиж дуусгаад Ревар маш чухал нөхцөл байдал тулгарсан тул явах ёстойгоо гэнэт хэлээд аян замдаа гарахаар гэр рүүгээ явжээ. Хоёр цагийн дараа тэрбээр гартаа ямар нэгэн ачаа тээш барилгүйгээр эргэж ирэв.

Захидлыг авчирсан шууданчийн сүйх тэрэг түүнийг хүлээж зогссон гэдэг. Салах ёс гүйцэтгээд Ревар өөрийн түншдээ нэгэн дугтуйг орхижээ. Хэрэв гурван сарын дараа мань хүн ямар нэгэн шалтгаанаар ирэхгүй бол Петруччи захидлыг дээр нь буй хаягийн дагуу хүргэж өгөх ёстой болов. Сүйх тэрэгний дугуйн чимээ намжсан хойно Петруччи дугтуйн дээрхи хаягийг харсан аж. Түүн дээр “Эрхэм дээдэс Францын хаан танаа” гэж бичсэн байлаа. Гурван сарын дараа ч тэр, ер нь хэзээ ч Ревар Верона руу эргэж ирээгүй юм. Өгсөн амлалт ёсоор Петруччи Парис хотыг зорьж, захидлыг Францын хаанд дамжуулжээ. Ийнхүү ажил явдал болсныхоо төлөө тэрбээр хангалттай их урамшуулал хүртсэн гэдэг.
Францын хааны ордонд очсон тухайгаа Петруччи бараг 30 жил яриагүй аж. Олон жилийн хойно тэрбээр гэнэт Верона хотын удирдлагууд дээр явж очоод маш чухал мэдэгдэл хийсэн юм. Түүнийгээ андгай тангараг тавин байж хийв. Түүний хэлсэн үг бүрийг шадар бичээч буулгаж авсан бөгөөд дор нь Петруччи өөрөө, албан тушаалтнууд болон гэрчүүд гарын үсгээ зурцгаасан байна. Тэрхүү бичвэрийн хамгийн сүүлчийн өгүүлбэрт Петруччигийн түншээр таван жил ажилласан хүн бол Наполеон Бонапарт байсан гэдгийг дурджээ. Ревар Верона хотыг орхиж яваад хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн юм. Зарим нэг намтар судлаачид Наполеон 1823 оны Есдүгээр сарын 04-ний шөнө Вена хотын орчимд таалал төгссөн гэж үздэг билээ.

Тэр намар Вена хотын ойролцоо байдаг Шёнбрунн цайзад Наполеоны хууль ёсны ганц хүү улаан эсэргэнэ өвчнөөр амьсгал хурааж байсан аж. Тэр шөнө цайзыг хамгаалж байсан харуул ордны чулуун ханыг давж орохыг оролдсон үл таних хүнийг буудан хороожээ. Төр, засгийн албан тушаалтнууд алагдсан хүнд үзлэг хийгээд цайзыг тэр даруй хамгаалалтад авчээ. Хатан хаан асан Мария-Луизагийн хичээнгүй гуйлтын дагуу алагдсан үл таних хүний шарилыг Наполеон хааны эхнэр болон хүүг оршуулахаар зэхсэн байсан газарт оршуулав. Энэ сонирхолтой хууч яриаг олон янзын хувилбараар уран зохиолд хэрэглэсэн байдаг.

Энэ бүх гоёмсог домог ярианд ямар ч албан ёсны нотолгоо байхгүй билээ. 1819 оны зун гэхэд Гэгээн Еленагийн арал дээр тэнд амьдарч байсан франц хүмүүсийн дөнгөж тал нь л үлдсэн байлаа. Харамсалтай нь, Наполеоныг Робогоор сольсон гэх хувилбар ямар ч баримт нотолгоогүй зүйл юм. Наполеоныг авсанд хийсэн тэр өвчний онош 1817 оны аравдугаар сард буюу Робог Балейкур хотоос явахаас нэг жилийн өмнө тогтоогджээ. Дээр нь амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Наполеоны бичиж, хэлж байсан баримт бичгүүд зөвхөн түүнд л тодорхой байх зүйлийг багтааж байжээ. Мөн Шёнбрунн цайзын орчимд алагдсан хүний хувьд 1823 онд Наполеон 54 настай байсан, дэндүү их таргалсан байсан учраас шөнө дөлөөр өндөр чулуун хэрэм дээгүүр давж гарч чадахгүй л байсан болов уу.

Францын түүхч Жорж Ретиф де ла Бретонн нэгэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг нь үнэнд их ойрхон билээ. Түүний үзсэнээр бол 1840 онд Наполеоны шарилыг Парис руу нүүлгэн шилжүүлэх үед дүрэмт хувцасных нь зарим нэг хэсэг, гавьяа шагнал, одон тэмдгийнх нь цөөнгүй хэсэг алга байсан нь сонирхол татдаг аж. Наполеоны шарилд морь унахад зориулагдсан урт түрийтэй гутал өмсгөсөн байжээ. Тэгвэл 1840 онд тийм гутал байхгүй болсон байлаа. 1821 онд Наполеоныг оршуулах үед мөнгөн саванд хийсэн зүрх, ходоод зэргийг нь авсных нь дотор талд тавьсан байжээ. Гэтэл 1840 онд нүүлгэн шилжүүлэх үед тэдгээр савнууд талийгаачийн хөлөн дороос гарч ирсэн аж. Эзэн хааныг оршуулахдаа хөлд нь торгон оймс өмсгөсөн байтал 1840 онд авсыг нээхэд хөл нь оймсгүй байжээ.

Швейцарийн Лозанн хотын музейд Наполеон хааны нүүрний хэв бүхий баг, түүний туг үсийг тавьж, олны хүртээл болгосон аж. Багийг 1848 онд тус музейд Гэгээн Еленагийн арал дээр Эзэн хааны зарц хийж байсан Жан-Абрахам Новерра гэдэг хүн шилжүүлэн өгчээ. Францын түүхч Жорж Ретиффын дэвшүүлсэн таамаглалаар бол англичууд таалал төгссөн Наполеон юм уу Наполеон гэж өөрийгөө танилцуулж байсан хүний шарилыг Эзэн хааны ордны захирагч Франческо Киприанигийн шарилаар сольжээ. 1818 онд энэ корсик хүн Английн талд тагнуул хийсэнд буруутгагдсан бөгөөд сонин байдалд алга болсон юм. Түүний шарил Гэгээн Еленагийн арал дээрээс олдоогүй билээ. Тиймээс 1840 онд Парис руу Наполеоных биш, харин тэр Киприанигийн шарилыг ёслол хүндэтгэлтэйгээр нүүлгэн шилжүүлсэн байх гэж түүхч эрдэмтэн таамаглажээ. Киприани Эзэн хаантай нэлээдгүй төстэй нэгэн байсан гэж яригддаг.
Наполеоны гипсэн нүүрний хэвийг Гэгээн Еленагийн арал дээр Антоммарки гэдэг эмч хийсэн гэж үздэг. Эзэн хааны толгойн хэвийг тэрбээр 1821 оны тавдугаар сарын 07-ны 16 цагт Их Британийн цэргийн эмч Фрэнсис Бартоныг байлцуулан арал дээрээс олдсон маш муу чанарын шавраар хийжээ. Шавар хэв гурван хэсгээс бүрдэж байв. Эхний хэсэг нь нүүрний хэвийг багтаасан бол хоёр дахь нь эрүү, хүзүүний хэсгийг дүрслэв. Гурав дахь нь дух болон гавлын ясны дээд, ар хэсгийг багтаажээ. Гэтэл маргааш нь багны нэг дэх хэсэг хаашаа ч юм алга болсон аж. Түүнийг генерал Бертраны эхнэр хулгайлсан байх гэх таамаглал бий юм. Тэрбээр нүүрний хэвийг Антоммарки эмчид дамжуулсан болов уу. Харин Английн цэргийн эмч Бартон багны үлдсэн хоёр хэсэгтэй л арлыг орхижээ. Арал дээр үлдсэн Антоммарки эмч өөрт нь байгаа хэсгүүдийг ашиглан багийг бүтнээр нь сэргээхийг оролджээ.
Чухам энэ баг л өдгөө хамгийн бодитойд тооцогдож байгаа юм. Энэ баг өдгөө Парис хотын Тахир дутуу хүмүүсийн ордон музейд хадгалагдаж байгаа аж.

Антоммарки эмчийн тогтоосноор бол Наполеоны толгойн тойргийн хэмжээ 56.2 сантиметр байсан гэдэг. Тэгвэл Наполеоны дэргэд 14 жил ажиллаж, малгайг нь оёулдаг байсан зарц Констан гэгч Эзэн хааны толгойн хэмжээ 59.65 сантиметр байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр бид хэзээ ч үнэнийг олж мэдэж чадахгүй болов уу. Мөн бид Парис хотын музей нойрсож буй шарил үнэхээр л Эзэн хаан Наполеоных мөн гэдгийг баттай мэдэж чадахгүй. ДНХ шинжилгээ хийж, түүний шинжилгээний хариуг Эзэн хааны шууд удмын хүмүүсийнхтэй харьцуулж болно.
Гэхдээ одоогоор Францын албан ёсны засаг захиргаа үүнийг зөвшөөрөхгүй байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ