Ой хэмээн тэмдэглэгдэх “Independence Day”

Бид жил бүрийн 7 дугаар сарын 11, 11 дүгээр сарын 26-нд улс үндэснийхээ төрийн хоёрих баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл 12 дугаар сарын 29 гэж бас нэгэн их баяртай боллоо. Ирэх 7 хоногт тэмдэглэнэ.

Жил бүр нижгэр (шагналын хур буулган, бөх барилдуулах, бүх нийтээр амрах гэх мэт) тэмдэглэж байх ёстой энэ ойн баярыг чухам юуны учир тэгтлээ тэмдэглэх ёстой, түүнд улс төрийн ямар агуулга буй тухайд олон улсын харилцааны түүхчийн өнцгөөс учир шалтгааны тайлбар өгөхийг зорьё.

Бидний үеийнхний тархинд гүн суусан дурсамж байна. Юу гэвэл социализмын алтан үед Сүхбаатарын талбайдаа цугларан туг дарцаг уриа лоозон болж, бунхант индрийн өмнүүр жагсан 5 дугаар сарын 1-нд Дэлхийн хөдөлмөрчдийн эв нэгдлийн баяр-Майн баяр, 7 дугаар сарын 11-нд Монгол Ардын Хувьсгалын их ой, 11 дүгээр сарын 7-нд Октябрийн социалист их хувьсгалын ойг нижгэр тэмдэглэдэг байсан ба зун намрын (БНМАУ, СССР-ийн үндэсний баярууд) тэр баяр ёслолд тэгш тоотой ойгоор нь цэргийн парад, зэвсэг техникийн жагсаал нэмэгдэж нэн сүрлэг болж өнгөрдөг байв. Эдгээрийн багасгасан хувилбарыг бүх аймгийн төв, Эрдэнэт, Дарханд мөн тийм ном журмаар хийдэгсэн.

Эдүгээ Майн ба Октябрийн баяр ор мөргүй мартагдаж, Улсын их баяр наадам дээр Сар шинийн цагаан сар хүрээ масштабаа нэн ихээр тэлсэн ба Эх үрсийн, Зэвсэгт хүчний гэхчлэн уламжлалт баярууд үлджээ. Зарим талаар тэмдэглэхгүй орхигдоод буй, ойг нь зайлшгүй тэмдэглүүштэй, мартаж мартаж саяхнаас тэмдэглэх гэж буйтүүхэн гол үйл явдлуудаас дурдваас:


  1. Жил бүрийн “12.29” бол Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр (Independence Day) бөлгөө. Идэр есийн дүн хүйтнээр эрийн гурван наадмаа хийхийг санал болгож буй хэрэг биш, гэхдээ энэ үйл явдал бол 1921.07.11-ний үйл явдлаас агуулга ач холбогдлын хувьд үнэхээр “түүхэн” гэхээр юм. Миний мэдэхээр энэ өдрөөр ГХЯ-ны хүрээнд “Дипломат албаны өдөр” хэмээн даруухан тэмдэглэдэг байснаа 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгон улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, үүх түүхээ хүндэлдэг дээдэлдэгийн жишээ болов уу. Ард түмэн маань энэ үйл явдлыг бараг мэдэхгүй явж ирсэн гэхэд хилсдэл болохгүй. Үнэндээ бол ”Үндсэний баяр” (National Day) гээч тэмдэглэлт ойг дэлхийн жишгээр тэмдэглэх өдөр маань чухам энэ гэж боддог. Яагаад? Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр шүү дээ.
  2. 1915 оны Хиагтын Гэрээгээр Монгол Улс хүчинд автан тусгаар тогтнолоосоо хагацаж ДИУ-ын (Хятад) бүрэлдэхүүнд автономит эрхтэй оров. Энэ хар өдөр яван явсаар большевикууд Хиагтын гэрээг бүр мөсөн хүчингүй болгож, дараа жил нь Монголын тусгаар тогтнолын эцэг- Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар (1911 оны бүх сайд нар) цаг бусаар хорлогдож, улмаар гамин цэргийн хүчээр Да Хүрээг эзлэн авч, Монголын төрийг нураасан эмгэнэлд хүрсэн билээ. Энэ хүнд өдрүүдэд Монголыг дахин тусгаар тогтнуулах алхам хилийн гадна хийгдсэн 1919.02.25-03.06 гэсэн өдрүүд түүхнээ гарч ирдэг. Нэйс гэгээн тэргүүтэй Засгийн газраас Монголын Холбооны Улсыг тунхагласан нь тэр байв. Энэ үйл явдлыг тэмдэглэдэггүй юм аа гэхэд, таг чиг өнгөрөөгөөд байх нь ерөөсөө түүхээ хорлож буй хэрэг. Ядаж эрдэм шинжилгээний бага хурал хийж, хэвлэлээр мэдээлэх хэмжээнд сурталчилж эхлэхийг би эрдэмтэддээ санал болгоё.
  3. Хятадын цэрэг Монголын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр устгаж, монголчууд хоёр жил гаран түүхэн хар өдрүүдийг туулжээ. 1921 оны эхээр Барон Унгерн хятадуудыг Да Хүрээнээс үлдэн хөөж чөлөөлөн 1921 оны Цагаан сарын баяраар буюу 1921.02.04-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, Манзшир хутагт Цэрэндоржоор ахлуулан Богдын Засгийн газрыг дахин байгуулжээ. Хэн чөлөөлсөн, хэн байгуулсандаа бус энэ өдрийг түүх судлалын ойлголтоор бол “Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр” (Re-Independence Day) хэмээх ба дэлхийн олон оронд үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг.
  4. Монголд цагаантнууд өрсөж орж ирсэнээс үүдэлтэйгээр улаантны ивээл дор бас нэг Засгийн газар байгуулах шаардлага тулгарч, 1921.03.01-ний өдөр түүхнээ мэндэлж, энэ өдрийг МАН-ын (МАХН) баярын өдөр хэмээв. Уг нь энэ нам 1920.06.25-нд албан ёсоор байгуулагдсан байтал чухам яагаад ийнхүү арагш татсан нь түүхэн учир шалтгааны тайлбар гаргахад түвэгтэй. МАХН нь Дээд Шивээний 1921 оны хувьсгалт байгууллагын зөвлөлгөөнөө 1924 онд “Намын анхдугаар их хурал” хэмээн нэрийдэхээр тогтсон ба хожим намын баярын өдөр (одоо бол Эх орончдын өдөр) болгосон шүү дээ. Ингээд 1921.03.13-нд Чагдаржаваар ахлуулсан, онцлог нь “Ардын” хэмээх тэр засгийн газар нь 1919 Нэйс гэгээнийх шиг Монголын хилийн гадна бий болжээ.
  5. Монгол дахь улаан, цагаан хоёр орос тулалдсаар 1921.07.06 нд Нийслэл хүрээг улаантнууд чөлөөлж, Хиагтаас Ардын Засгийн газар 1921.07.08-нд Хүрээнд хамтдаа нүүн ирж, өмнө Бароны байгуулсан Богдын Засгийн газрыг татан буулгаж, нэгдмэл нэг Засгийн газар байгуулагджээ. Дараахан нь Дөрвөд далай лам Түмэндэлгэржаваар ахлуулсан Баруун Монголын Засгийн газрыг улаантнууд байгуулсан нь эдүгээ хүртэл үл тайлагдах оньсого хэвээр байна. 1921 оны зун гурван ч Засгийн газар Монголд байсан энэ мэт үйл явдлыг олон улсын жишгээр үндэсний баяр хэмээн тэмдэглэдэггүй, харин жил бүрийн зун бидний тэмдэглэдэг баярын тухайд учир шалтгаан хайя гэхэд ийм дэвсгэр дээрээс зөв хариулт эрэхэд түвэгтэй болж байна. 1922 оны дэлгэр зуны улиралд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Цэргийн наадам” зохиосон нь эдүгээ бидний тэмдэглээд буй “Ардын хувьсгалын ойн” баярын эхлэл байлаа.
  6. 1924 онд Богд гэгээн нас нөгчсөн, нөгөө талаас Бээжинд СССР, ДИУ-ын хоорондын хэлэлцээрээр Монголыг ДИУ-д 1915 оны Хиагтынх шиг эгүүлж оруулсан шалтгаанаар Улсын анхдугаар хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгүй нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрдэв. Нэгэнтээ хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгүй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солигдсон ба МАХН-ын III их хурлаас “хөрөнгөтний бус хөгжлийн зам” сонгосон тул БНУ-ын Үндсэн хуулийг батлах ёстой. Жир бүрийн 11 дүгээр сарын 26-нд бидний тэмдэглэж буй баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэв. Уг нь социализмын үед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ өдөр үндэсний баяр мөн.
  7. 1924 он бол монголчуудад сайнаар, муугаар зэрэг тусчээ. Бид эндээ БНУ-аа тунхаглаж, харин Бээжинд Монголын тусгаар тогтнолыг ах нар маань хятадуудтай хуйвалдан үгүй хийжээ. Улаан армийг Монголоос гаргах тухай ч ам өчгөө өгчээ. Иймд бид өөрсдийгөө тусгаар тогтносон гэх, дэлхий дахин (хөршүүд нь) үгүй гэхийн хооронд зарчмын асар их зөрүү байна. Тэгэхээр дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол Улс гэж гарч ирэх ёстой. Yүний тулд 1924 оны Бээжингийн тэрхүү хэлэлцээрийг хүчингүй болгох ёстой. Түүний дараа де-юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай ярих нүүртэй болно. Энэ утгаар 1939-1946 оны үе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн түүхэн үе юм. Их хэлмэгдүүлэлт, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан, 1941 оны СССР-Японы Гэрээ, 1943 оны гурван гүрний Каирын бага хурал, АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал гэхчлэн цаашаа үргэлжилнэ. 1945.02.04-11-нд Крымд холбоотон гурван гүрний тэргүүн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаархи хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрээр Монгол нь де-юре тусгаар тогтнож байна. Энэ бол дэлхийд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх эхлэл мөн. Энэ өдрийг ингээд таг чиг өнгөрүүлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт бас л алга. Тэр оны зун СССР-ДИУ-ын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нөхцлийг тохирсон ба намар нь (1945.10.20) Монголын ард түмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946.01.05-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаархи өнгөлзлөгөө зогсоосон зэрэг түүхнээ тэмдэглэгдэх олон үйл явдал баяр болон тэмдэглэгдэх ирээдүй цагийг хүлээн байна.


Эрхэм уншигч Та бүхэн эдгээр олон үйл явдлын дотроос жинхэнэ үндэсний баяраа олж тогтооно биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ