Энэ онд тэрбум гаруй хүн дэлхийгээр аялжээ
UNWTO буюу НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ оны нийт аялагчдын тоог тооцон гаргажээ.
Үүнээс үзвэл 2014 оны гадаад улс орноор аяласан жуулчдын тоо урьд хожид байгаагүй их буюу 1.1 тэрбумыг давсан байна.
2014 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын сүүл үе хүртэл дэлхий даяарх улс орноор аяласан жуулчдын тоог өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 45 саяар их буюу 978 сая гэсэн дүн гарчээ.
Ялангуяа:
- Америк тив /найман хувь/,
- Ази, номхон далайн орнууд /таван хувь/,
- Европын орнуудад /дөрвөн хувь/ аялах иргэдийн тоо илт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “2014 онд эбола цусархаг халууралт өвчний дэгдэлт, геополетикийн хямрал зэрэг шалтгааны улмаас дэлхийн эдийн засгийн байдал урьдын адил сул дорой байсан.
Гэсэн ч аялагчдын тоо өссөн үзүүлэлттэй гарсан нь итгэмээргүй зүйл байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Америк тив 2003 оны амьсгалын замын цочмог хам шинж өвчний дэгдэлтээс хойш 10 жилийн хугацаанд хамгийн өндөр тоог үзүүлжээ. Тэр дундаа АНУ болон Мексикийг зорих аялагчдын тоо харьцангуй нэмэгдсэн байна.
Ази номхон далайн орнуудын хувьд Энэтхэгийг зорих иргэдийн тоо долоон хувиар нэмэгдсэн байгаа бол Өмнөд Азийн хувьд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хамгийн их буюу найман хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Зүүн Азийн тухайд Япон болон Солонгос адил төвшний өсөлттэй байсан бол номхон далайн улсууд зургаан хувийн өсөлттэй байжээ.
Нөгөө талаар Тайландыг зорих аялагчдын тоо буурсан бөгөөд үүнээс үүдээд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн төвшин буурч, ердөө хоёр хувийн өсөлттэй байна.
Дэлхийн жуулчдын хамгийн их очих дуртай газар болох Европын холбооны улсуудыг зорих аялагчдын тоо дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
- Грек,
- Португал,
- Испани,
- Малта зэрэг улсуудыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн байх бөгөөд баруун европ хоёр хувиар өссөн дүнтэй гарчээ.
Өнгөрсөн гурван жилд найман хувийн өсөлттэй байсан Зүүн Ази өмнөх жилийнхтэй ижил төвшинд байсан аж. Зүүн Азид дөрвөн хувь, Африкт гурван хувийн үзүүлэлттэй байна.
эх сурвалж: mongolin medee
СЭТГЭГДЭЛ БИЧИХ