Унтахаасаа өмнө хөлөө бүлээн усанд дүрэхийн ач холбогдол

Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал.

Зуны цагт аль болох хөл нүцгэн явах, нар салхинд ил байлгах нь ашигтай. Цусны эргэлтийг сайжруулахын тулд унтахдаа хөлөө яльгүй өндөрлөвөл зүгээр. Хөлийн дасгал хөдөлгөөнийг байнга хийж бай. Хөлөө лаврын навч, цай, таван салаа, хусны навч, хамба шарилж, царсны холтосны хандаар, эсвэл марганцын сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөхгүй байх болно. Хөлийн хумсыг буруу авснаас юм уу, бариу гутал өмссөнөөс хумс нь хажуу тал руугаа шигдэж ургадаг.

Энэ нь мэс засал хийлгэхэд ч хүргэх аюултай тул хумсыг зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа дугуйруулж биш харин тэгш авах хэрэгтэй. Хөлөрдөг хөлийг хүйтэн бүлээн усанд 1-2 мин-аас эхлээд 10 мин хүртэл хугацаагаар байнга дүрж байх нь маш тустай. Оймсоо өдөр бүр соль, өглөө бүр бүлээн усаар хөлөө угааж байхыг зөвлөе. Хөлийн эврийг цэвэрлэх зориулалтын шингэн бодис болон тусгай лент байдаг. Эврийг тойруулан эрүүл арьсаа хамгаалж эмнэлгийн лент наагаад, эвэр дээр нь зөөлрүүлөх лентээ наагаарай. Усанд орохдоо эвэр арилгах сойзоо үрж цэвэрлэж болно. Хөлийн үсийг арилгахад 5%-ийн устөрөгчийн хэт исэл ашиглана. Эмийн санд 3%-ийх байдаг. Үүнийг 5% болгохийн тулд 100 гр 3%-ийн устөрөгчийн хэт исэлд гидроперитийн 2-3 ширхэг таблетка уусгана.

Энэ уусмалаасаа 1-3 цайны халбагыг авч 3-5 дусал наштирын спирт юмуу жаахан саван холиод хөвөнд шингээж хөлийн үсийг 2-3 удаа арчаад хаттал нь байлгана. Энэ аргыг олон дахин давтан хийсний дараа үс цайрч, хугарч унана. Бүр арилах тал ч бий. Хөлийн эвэршсэн хэсэгт нимгэн хэрчсэн сонгино нааж, гялгар уут тавиад бинтээр боож хоноод өглөө нь бүлээн усаар угааж тальк цацаж байвал зөөлөн болохоос гадна хөлөрдөггүй.

Хусны үйсэн улавч хөлийн чийгийг арилгадаг

Хөл хөлрөх нь хувь хүний онцлогоос хамаардаг ч тухайн хүний амьдралыг ч сүйтгэх чадвартай. Жишээ нь та айлд зочлон очихдоо нойтон хөлнөөсөө болж оймсоо нууцаар тайлаад байж байлтай нь биш дээ. Хөлийн уланд хөлсний булчирхай маш их байрладаг учир нян үржвэл франц үнэртнээс огт өөр үнэр гаргана гэсэн үг. Тиймээс гараа хумин суулгүй үүнтэй тэмцэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд танд хялбархан зөвлөгөө өгч байна.

Хөлөө тогтмол угааж бай.

Хөлөө савантай усаар угаах нь хамгийн сайн арга. Ихэнх хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг санаатайгаар үрэлгүй орхидог. Гэтэл энд нян маш ихээр үлддэг байна.

Хөлөө хатаа. Хөлөө угаасныхаа дараа сайтар хатаах хэрэгтэй. Ялангуяа хуруунуудынхаа завсрыг мартаж болохгүй. Чухам энэхүү чийгтэй орчинд л эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм шүү.

Илүүдэл бүхнийг арилга. Хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа авах хэрэгтэй. Ингэхийн тулд усанд орохдоо хөлийн улаа тусгай үрүүрээр үрээрэй.
Оймсоо сайн соль. Хөлөөс гарч байгаа эвгүй үнэр таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо соль. Дезодрант ашигла. Хэрвээ та трико өмссөн бол өдөрт хэдэн удаа солиход хүндрэлтэй байх л даа. Энэ үед хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой.

Гутлаа соль. Нэг гутлыг хоёр хоногт нэг удаа өмсөхийг хичээ. Энэ үед гутал бүрэн хатдаг.

Гутлаа угаа. Пүүз, кет авахдаа худалдагчаас нь угааж болох эсэхийг асуу. Хэрвээ болох бол сард нэг удаа угаалгын машинд хийчихэд зүгээр. Энэ нь гутал дотор үржсэн нянг устгадаг.

Хөлрөлтийн эсрэг ардын эмчилгээ

Царсны үндсийг авч нунтаглаад оймс, триконы дотор хийнэ. Энэ аргыг хөлрөлт зогстол хэрэглэнэ. Маш их хөлөрдөг хүмүүс шар дэрний ханд уухыг зөвлөж байна.Хөлөө өдөрт хэдэн удаа хүйтэн усаар угаана. Аль эсвэл унтахын өмнө марганецын уусмалтай саванд 10 минут хөлөө дүрэх хэрэгтэй. Гуталд хусны үйсээр улавч хийж тавина. Түүнчлэн давстай бүлээн усаар хөлөө угаагаарай.
Зуны улиралд хөлөө илүү арчлах шаардлагатай. Зуны улиралд хөлөө илүү ихээр арчлах шаардлагатай болдог юм. Учир нь зун бид бусад улирлыг бодвол амьдралын идэвхтэй уур амьсгалд орж, явдал суудал ч ихэсдэг. Энэ нь мэдээж хэрэг хөлд очих ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Иймд зун хөлөө хэрхэн арчлах тухай бяцхан зөвлөгөө хүргэе.

Байгальд түшиглэн арчлах

Юуны түрүүнд, хөлөндөө байгалийн өвөрмөц боломжийг ашиглан иллэг хийх хэрэгтэй. Наран шарлагын газрын элс, ногоон нугын зүлгэн дээр хөл нүцгэн яв. Халсан элс, чийг даасан шүүслэг сэрүүн өвсөн дээр явах нь зөвхөн хөл төдийгүй бие организмыг эрүүлжүүлэх, стресс тайлах хамгийн сайн бигнүүр, эмчилгээ болдог. Үүнээс гадна халуун элс нь өөрөө байгалийн хамгийн шилдэг гуужуулагч юм. Тиймээс үнэтэй гоо сайхны салонд бүтэн сарын турш педикюр хийлгэх гэх шаардлагагүй болно.

Сэрүүцүүлэх арчилгаа

Зуны халуунд өдөржин явсны дараа хөл хавагнадаг. Ийм үед оройдоо хүйтэвтэр усанд хөлөө дүрж сэрүүцүүлэх хэрэгтэй. Гэхдээ бүр даартал нь хэт удаан байлгаж болохгүй гэдгийг анхаараарай. Зуны хэт халуунд ийм сэрүүцүүлэх арчилгаа нь тун тустай бөгөөд бие организмыг чангаруулах эерэг нөлөөтэй. Түүнчлэн өөртөө байнга педикюр хийж байх нь хөлд нэг ёсны иллэг болж өгдөг юм.

Иллэг хий

Хөлөндөө орой бүр тос түрхэн иллэг хийж занших хэрэгтэй. Хөл арчилгаа, педикюрын бүрэн хэрэгслийг та гэртээ байлгахын зэрэгцээ тусгай зориулалтын иллэгийн тоноглол заавал худалдаж аваарай.
Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ?

Зуны ид халуунд бид хүссэн, хүсээгүй онгорхой углааш, сандаал өмсдөг. Энэ нь хөлөө, тэр тусмаа хөлийн хуруу, хумсаа өдөр бүр уйгагүй арчлах шаардлагатай болгодог. Хөлөө сайн арчилсан үедээ дэгжин хийцтэй ганган шаахайгаа санаа зовох зүйлгүй омог бардам өмсөх болно шүү дээ.

Гэвч зуны улиралд хүн бүр л хөлийн эвэр гэсэн таагүй асуудалтай тулдаг. Ялангуяа моодны бариу шаахай өмсөх үед хөл хөөж барьснаас холгож, хөлийн чигчий хуруу, өсгий гээд өөр бусад хэсгүүдэд эвэр үүсдэг. Ийм эвэр үүсэхээс хэрхэн сэргийлэх, хэрхэн арчлах шаардлагатай юм бол? Ардын уламжлалт ухаанд хөлийн эврийг арилгахад сармис хамгийн шилдэг хэрэгсэл гэж үздэг байна. Үүний тулд нэг хумс цэвэрлэсэн сармисыг эвэр ургасан хэсэгтээ тавьж, дээрээс нь хуруу лент наах хэрэгтэй. Ингэж наагаад унтахад өглөө нь хөлийн эвэр ул мөргүй алга болсон байхыг та анзаарах болно. Бас эмийн сангаас хөлийн эвэр арилгахад зориулсан тусгай шингэн, наалт ч авч хэрэглэж болно. Эвэр гарсан хэсгийн арьсан дээр 50 хувийн салицилинтай лент наах буюу 10 хувийн салицилин болон сүүний хүчлийн уусмалаар олон дахин арчиж болно.

эх сурвалж: agshin.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ