Х.Тэмүүжин эмнэлгийн байрны гаражийг шорон болгожээ
Төрийн албан хаагчдын эмнэлгийн байрыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хууль зүй яамны оффис болгохоор шийдвэр гаргасан. Түүний шийдвэрийг эмнэлгийн эмч ажилчид эсэргүүцээд ч бараагүй. Тэгвэл Төрийн ордны баруун талд байрлах уг эмнэлгийн байрны гаражийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүмүүсийг байцаах, хориход зориулсан шорон болгосон байжээ. Энэ талаарх фото сурвалжлагыг та бүхэн харж байна.
Эмнэлгийн байрны гаражийг шорон болгосон гэх асуудалтай УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцлаа. Ингээд энэ талаар түүнээс тодрууллаа.
-Эмнэлгийн зориулалттай байрныгаражийг шорон болгох ажлыг хэзээнээс эхэлсэн юм бол?
-Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлгийн зориулалттай хадгалж байсан барилгыг 2012 онд хүүхдийн болон төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж миний хувьд санал гаргаж байсан. Тиймдээ ч Хууль зүйн сайдыг огцруулах хүртэл асуудлыг ярьж байсан. Гол нь энэ байшин 80 жилийн түүхтэй байгаад актлагдсан. Актлагдсаны дараа зориулалтыг нь УИХ-иар хэлэлцээд эмнэлэг болгох шийдвэр гаргаж асар их хөрөнгө зарцуулсан. Хамгийн сүүлд намайг УИХ-ын гишүүнээр орж ирэхэд их хурлын гишүүд 4.5 тэрбумыг төсвийн үлдэгдэл мөнгийг шийдэж байсан. Тэгэхээр төсвийн үлдэгдэл мөнгийг шийдэж өгнө гэдэг Төсвийн тухай хуулиар уг обьектийг зориулалтын дагуу зарцуул гэсэн үг. Харамсалтай нь энэ барилгын зориулалтыг өөрчлөе гээд Засгийн газрын тогтоол гарчихсан байсан. Гэтэл Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох ёстой гээд УИХ-ын 26 гишүүн тогтоолын төслийг өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ тогтоол гацчихсан. Гэтэл чоно борооноор гэдэг шиг асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсвийн хөрөнгийг дураараа авирлаж захиран зарцуулсан байна. Албан бус мэдээллээр ард талдаа гэхэд 3.5 тэрбум, урд талдаа 1.2 тэрбумыг эмнэлгийг байрын өөрчлөхөд зарцуулсан байгаа юм. Ялангуяа энэ дотор шорон барьсан байна.
-Ер нь Хууль зүйн яамны обьект доор саатуулах байр байрлуулах нь зөв үү. Бусад орны жишиг ямар байдаг юм бол?
-Төрийн ордныхоо хажуу талд, хотын төвд шоронтой болж байгаад харамсалтай байна. Үүнийг буцаах ёстой. Нөгөө талаасаа төсвийн хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулсан зүйл байх юм бол хариуцлага үүрэх ёстой л гэж бодож байна. Хууль зүйн яамны одоогийн сайд Д.Дорлигжавтай би уулзсан. Д.Дорлигжав сайд ер нь бол яамны хувьд байшингаас байшингийн хооронд нүүгээд явах шаардлага байхгүй манай Хууль зүйн яам энэ байранд орох шаардлага байхгүй. Хэрвээ хуулийн байгууллагын зориулалтаар ашиглах бол Дээд шүүх, Ерөнхий прокурор орж болно гэж байсан. Цаашлаад, хажуухан талд нь байгаа 3.7 тэрбум төгрөгний өртөгтэй MRI аппарат байгаа. Гэтэл түүнийг эвдэлсэн бөгөөд засахад 200-300 сая төгрөг гаргана. Гэтэл энэ аппаратыг эвдэлж, үнэгүйдүүлээд хаячихсан. Тэртээ тэргүй ШШГЕГ 1500 хүний нэгдсэн шоронг байгуулна гээд байгаа. Тэгэхээр ШШГЕГ тийшээ нүүдэг юм байгаа биз. Эмнэлгийн байрны зориулалт гэдэг тусдаа стандарттай. Өөрөөр хэлбэл, тусгай инженерүүдийн оролцсон нарийн зураг төслийн хүрээнд барилга барьдаг. Энэ эмнэлгийг Японд байдаг тусгай эмнэлгийн зураг төслөөр барьсан. Монголд яг эмнэлгийг ийм зориулалттай обьектийг тоочиход хэцүү. 3, 1 дүгээр эмнэлгийг байрыг ч яг эмнэлийн зориулалттай гэхэд хэцүү.
-Таны хувьд энэ асуудлыг цааш тавих уу?
-Асуудлыг цааш тавина. Хамгийн гол нь энд хүний эрх, татвар төлөгчдийн хөрөнгө яригдаж байна.
Уг эмнэлгийн байрны гараж нь найман машины багтаамжтай байсан юм байна. Гэвч ийнхүү Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шоронгийн зориулалттай болгожээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ