Үндэсний үйлдвэрлэгчид худалдааны шинэ төвтэй боллоо

Үндэсний үйлдвэрийн бараагаа нэг дороос худалдан авах боломжтой худалдааны төвийн нээлт өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь Шөнийн захын өргөтгөлд байрлах бөгөөд худалдаан ытөвийг байгуулахад Аж Үйлдвэрийн Яам, ҮХААЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци, Монголын ноос ноолурын холбоо, БЗД-ийн хөдөлмөрийн хэлтэс, үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих "Нар-Мон" компанитзэрэг олон байгууллага дэмжиж, санаачлан ажилласан байна.

"Нар-Мон" компани өөрийн худалдааны төвийнхөө нэг болон гуравдугаар давхарын лангууг орчин үеийн шийдлээр шинээр засварлан тохижуулж үндэсний үйлдвэрлэгчдээсээ барьцаа хөрөнгө шаардалгүй 30%-ийн түрээсийн хямдралтай үнээр ашиглуулж байгаа нь үйлдвэрлэгчдээ дэмжсэн маш том тус болж байгаа аж.

Нээлтэд Аж Үйлдвэрийн Яамны дэд сайд болон Нар-Мон ХХК-ийн захирал, хувийн хэвшлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

24 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох "Төмөрт трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаатай ярилцсан юм.

-Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу. Энэхүү төвийг нээсэн нь үйлдвэрлэгчдийн хувьд сэтгэгдэл ямар байна?

-Үндэсний үйлдэрлэл тэр дундаа оёдлын салбарыг хөгжүүлэх үйлсэд манай хамт олны хувь нэмэр нэлээдхэн байгаа. Бид сурагчийн дүрэмт хувцасыг эх орондоо үйлдвэрлэх ажилд нэлээд шаргуу оролцож, хажуугаар нь спортын хувцасыг ханган нийлүүлэх, мөн монгол ноос ноолуураа ашиглан сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дулаан куртка үйлдвэрлээд эхэлсэн. Компанийн төв оффис нийслэлдээ байрладаг. Үйлдвэр маань 200 шахам ажилтантай Төв аймагт байрладаг, оёдлын хамгийн том үйлдвэр байгаа.

Үйлдвэрлэгчдийн хамгийн чухал зүйл бол борлуулалт байдаг. Хэдий сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулалт байхгүй бол үйлдвэр цааш хөгжихөд үнэхээр хэцүү гэдгийг энэхүү 20 гаран жилийн туршлагаасаа мэдэрсэн. Тийм болохоор аль болох худалдааны төвийг олноор нээх нь биднийг дэмжиж байгаа хамгийн зөв хэлбэр гэж бодож байна.Гэхдээ үүн дээр төрийн болон аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо дэмжлэг бас их хэрэгтэй байна. Жишээ нь бид дотоодын захиалгуудаа өөрсдөө үйлдвэрлэмээр байна. Тэгвэл бас үйлдвэрийн ажил нэмэгдэх бүрэн боломжтой. Жишээ нь цэрэг, цагдаа болон бусад дүрэмт хувцас, ажлын тусгай хувцаснууд гэх мэт дотоодын хэрэгцээнийхээ захиалгыг өөрсдөө үйлдвэрлэвэл үнэхээр их дэмжлэг болох юм.

-Танай үйлдвэр бусад оёдлын үйлдвэрээсээ юугаараа давуу болон ялгаатай вэ?

-Нэгдүгээрт 24 жилийн туршлага байна. Хоёрдугаарт бид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн. Үүнд өвлийн куртканы ширээс гаргадаг болон зураг хэвлэдэг 2014 оны машин тоноглолуудыг ашиглаж байна. Үүгээрээ давуу талтай.

эх сурвалж: mass.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ