Оросын сөрөг хүчний "Фэйсбүүк"-ийг хязгаарлав
Оросын сөрөг хүчний идэвхтэн, алдарт блогч Алексей Навальныйн нийгмийн сүлжээ ашиглан, интернэт хэрэглэгчдэд мэдээлэл түгээх эрхийг нь хязгаарлажээ. Тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбоог зохицуулах Роскомнадзор хорооноос ийм шийдвэр гаргасан байна. “Роскомнадзор нь Ерөнхий Прокурорын газрын шаардлагаар хууль бус олон нийтийн арга хэмжээг уриалсан Фэйсбүүк хуудсыг хаалаа. Нийгмийн сүлжээнд мөн адил Оросын хэм, хэмжээг дагаж мөрдөх хэрэгтэй” хэмээн төлөөлөгч Вадим Ампелонский ярив. Харин Навальныйг дэмжигчид Москва хотын төв талбайд цугларч, интернэтийг чөлөөтэй болгохыг шаардаж байгаа ажээ.
Алексей Навальный авилгалын асуудлаар хамгийн хурц нийтлэл бичдэг интернетийн блогч юм. Киров мужийн Лениний районы шүүх хурлаар Алексей Навальныйг улсын өмчийг шамшигдуулсан хэрэгт буруутган шүүж байсан удаатай. Оросын Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2018 онд болох тул Владимир Путин түүнээс өмнө сөрөг хүчний хүчтэй шүүмжилдэг хүмүүсийг дарж авах санаатай байгаа гэж Навальный үздэг. Навальный 2011 оны 12 сард болсон парламентын сонгуулийн үеэр Владимир Путины Нэгдсэн Орос хөдөлгөөнийг «Хулгайч луйварчдын нам» гэж нэрлэсэн билээ.
эх сурвалж: uls.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ