Гадныхантай холилдсон уул уурхай монголчуудад юу үлдээх вэ
Манай улсын эрдэс баялгийг олон улсын шинжээчид 1.3 их наяд ам.доллараар үнэлсэн бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэнэ гэжээ. Харамсалтай нь монголчуудын өөрсдийн хүчээр энэ баялгаа эзний ёсоор мөнгө болгох боломж хомс байна. Өөрөөр хэлбэл, гадныхны оролцоонд дулдуйдахаас өөр аргагүй юм. Тэгэхэд бас учир бий. Баялгийнхаа үүцийг хэзээ, яаж, хэнтэй хамтарч ашиглахав гэдгээ бодолцохгүй бол баялгийн хараал болж, модоо барьсан цөөнгүй орны жишээ бий. Гадныхан буурай орны баялгийг хуурайлж аваад цадангуутаа хоосон нүх болгоод хаядаг гашуун сургамжийг Африк, Латин Америк, Дундад Азиас харж болно. Манайд ч ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Дэлхийн банк, ОУВС-гийн шинжээчид Монголд голланд өвчин үүсэх урьдач нөхцөл бий болсон гэж анхааруулдаг.
Ямартай ч өнөөдрийн байдлаар Монголд уул уурхайн лиценз эзэмшиж буй гаднын 21 компани олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, 20 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгосон гэсэн мэдээлэл бий. Үндэсний компаниудаас Ухаахудагийн ордыг эзэмшиж буй ММС компани 2011 онд Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, Өмнийн говьд үндэсний бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ. Үүнээс жилийн өмнө “Петровис”-ийн охин компани “Петро Матад” Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан байсан. Энэ хоёрыг үл тооцвол олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниуд бүгд гадны хөрөнгө оруулагч юм. Гэтэл тэд олон улсаас хөрөнгө босголоо гээд манайд ирсэн ашиг нь хэр их бол.
Австрали, Канад, Англи, Нидерланд, Их Британид бүртгэлтэй “Ivanhoe mines”, “Centerra gold”, “Entrеe gold”, “MoЭнКо”, “Хүннү коал”, “Aspire mining” зэрэгт Монголын төрийн оролцоо огт байгаагүй, одоо ч байхгүй. Гол нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа газрын төлбөр, технологийн шинэчлэл, үгүй ядаж нөхөн сэргээлтийн тухай дэлгэрэнгүй, нарийн тусгадаггүйгээс манайх хохирч үлддэг. Тухайлбал, Бороогийн ордод ажилласан “Centerra Gold” компани манайд төрөх эмнэлгийн барилга барьж өгсөн ч Монголоос олсон ашиг нь үүнтэй харьцуулшгүй их.
Канадын “Centerra Gold” компани 2012 оны есдүгээр сард Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэж “Bloomberg” мэдээлж байсан. Тэр үед тус компани угтехнологийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар багагүй хугацаанд хөөцөлдөж, эсэргүүцэлтэй тулгарсан. Гэтэл Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгосноо нууцалж, монголчууд олон улсын мэдээллийн агентлагаас энэ талаар анх сонссон юм. Ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг нь авснаар уурхайн ажиллагааг дахин явуулж 2012 оны арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр 2.000 унц алт олборлох таамаглалтай буйгаа “Centerra Gold” мэдэгджээ. Албан бус эх сурвалжаас энэ компани Бороогоос долоон тонн гаруй алт олборлосон гэдэг. Үүнийг одоогийн ханшаар тооцвол 340 тэрбум төгрөг болох юм билээ. Гэхдээ энэ компани манайд ямар ч байсан төрөх газрын өргөтгөл барьж өгсөн. Бусад нь зөвхөн өөрсдийн тусын тулд хэдэн ажил хийсэн нэртэй.
Хөшөөтөд эзэн суусан “МонЭнКо” л гэхэд 100 хувь хятад компани. Уурхайн удирдлагад ганц ч монгол хүн байхгүй. Энэ компани Ховдын Цэцэг сумаас Ярантын боомт хүртэл хатуу хучилттай зам тавьсан ч үүнийг уурхайн зориулалтаар л ашигладгаас орон нутагт орж ирсэн ашиг гэхээр зүйл үгүй. Одоо энэ зам хагарч, эвдрээд “МонЭнКо” Хөшөөтөд ажиллаад гарахад цуг дуусахаар болсон гэж нутгийнхан ярьж байна. Энэ компанийн захирал Хятадын хамгийн баян 25 эрхмийн нэг болсон гэх мэдээлэл ч нэг хэсэг шуугиан тарьсан.
Монголын баялгаар гаднаас хөрөнгө босгосон хамгийн анхны компани “Хүннү Коал”-ын хувьд зах зээл дээрх хөрөнгийн хэмжээ нь анх 150 сая австрали доллараар хэмжигдэж байсан. Өмнөговь,Дундговь, Говь-Алтай мөн зүүн аймгуудыг хамарсан коксжих ба эрчим хүчний нүүрсний 14 төсөл хэрэгжүүлж байна. 2014 он гэхэд нүүрсний дөрвөн уурхайтай болохоор төлөвлөсөн. Өнөөдрийг хүртэл олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгосоор байгаа ч Монголд хийсэн зүйл нэг ч байхгүй. Иймэрхүү маягаар бид баялгаа ашиглаж буй нэртэй ашиглуулж байгаа агаад Шивээ-Овоо, Багануурыг эс тооцвол бусад нь бүгд харийнхны гар оролцоотой ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ