Хурууны хээгээр цагаа бүртгүүлэх осолтой
Интерполын үндэсний товчооны сургалтад яваад ирсэн танилтайгаа өчигдөр таарлаа. Туркийн тусгай албад Ерөнхий сайд, Ерөнхий сайдынхаа хүүгийн утсыг чагнасан асуудал ид өрнөж байх үеэр очоод иржээ. Ам халж, нэлээд зүйлийг сонин болгож ярив. Тэгснээ “Хурууны хээгээр цаг бүртгэдэг байдлыг олон улс хассан юм байна шүү. Гэтэл манай албан байгууллагууд шинэ технологи мэтээр хүлээн авч ашиглаад байгаа. Жишээ нь, бид цахим иргэний үнэмлэхтэй болохдоо хурууны хээгээ бүртгүүлсэн. Бас гэрийн хаяг, регистрийн дугаар, ураг, овгийн нэр гээд цөөнгүй мэдээллээ өгсөн. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болсон байгаа. Үүнтэй зэрэгцэн тухайн хүний хурууны хээгээр өвчний түүх, хамаатан садных нь мэдээлэл, өмнө нь хийж байсан ажил, нууцад хамаарах асуудлыг нь мэдэж болохоор болсон. Танайх хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг үү” гэж байна. “Тийм” л гэлээ.
Гэтэл “Тэгвэл бүх мэдээллээ алдаж байх магадлалтай. Танайд хурууны хээ уншдаг төхөөрөмж суулгасан компани танайхаас өөр хэдэн аж ахуйн нэгжид төхөөрөмжөө суурилуулсан бол. Тэдэнд маш олон хүний мэдээллийн сан үүссэн байгаа. Хэрвээ тэр мэдээлэл алдагдвал яах вэ. Хэн нэгэн таны мэдээллийг буруугаар ашиглавал яах вэ гэдгийг бодоод үзээрэй. Тагнуул, цагдаагийнхан бол бичиг баримтаа үзүүлээд тухайн компаниас хурууны хээний мэдээллийг гаргуулчихна. Харин бусад нь гуйлгаар, шан харамж өгөх байдлаар мэдээллийг чинь авдаг бол яах вэ. Тэр нь эргээд сонгууль, эсвэл бусад гэмт хэрэгт ашиглагдвал яах вэ” гэв. Хурууны хээгээр цагаа бүртгүүлэх осолтой гэдгийг тэр хэлж, би ойлгов.
эх сурвалж: undesten.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ