Туялзуур сэлэмчдийн тулаанд Ц.Жигжидсүрэн, М.Жаргалмаа нар ялав
Монголын туялзуур сэлэмний холбооны “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Мираж ресторанд болж өндөрлөлөө. Ганцаарчилсан болон багийн төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 5 клубийн 70 гаруй тамирчин оролцсон юм.
Тэмцээнийг эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр “Оргил өөд” клубийн тамирчин Ц.Жигжидсүрэн тэргүүлж, Б.Батхүү /Хангарьд/ удаалж мөнгөн медаль хүртсэн бол Б.Батхүлэг /УБ Фенсинг/, Т.Анарсайхан /УБ Фенсинг/ нар хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү Ц.Жигжидсүрэн Монголын туялзуур сэлэмний холбооны календарчилсан төлөвлөгөөний тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн бөгөөд чансааны оноо ахиж, дөрөвдүгээр байранд бичигдэх боллоо.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Жаргалмаа /Финикс Фенсинг/ түрүүлж, мөнгөн медалийг Б.Цолмон /УБ Фенсинг/, хүрэл медалийг Б.Гэрэлмаа /Хангарьд/, А.Халиунаа /УБ Фенсинг/ нар тус тус хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд “Оргил Өөд” клубийн Ц.Жигжидсүрэн, Э.Төгсбаяр, Б.Ээлт шигшээ тулаанд “Хангарьд” клубийг ялснаар аваргаллаа. Мөнгөн медалийг Эрдэнэтийн “Хангарьд” клуб, хүрэл медалийг “UB Fencing-1” баг хүртжээ.
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд аваргын алтан медалийг “UB Fencing 1” клуб, мөнгөн медалийг “Хангарьд” клуб, хүрэл медалийг “Уурхайчин” клубийн охид тус тус хүртсэн юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ