“Лайк” -ийн давалгааг наашаа
229 дүгээр цэцэрлэгийн 229 дэх лайкийн эзэн тодорлоо гэсэн мэдээлэл сошиал хүрээнд гарчээ.
https://www.facebook.com/ard.tumnii.tusul?fref=nf. Энэхүү лайкийн эзнийг өнөөдөр урамшуулах юм байна. Монгол улс дугаар авсан 220 цэцэрлэгтэй. Гэтэл 229 дүгээр цэцэрлэгийн талаар ийн ярих болсон нь ямар учиртай вэ. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд хүрсэн. Боловсрол соёлын дэвшлийн төлөө сан ТББ, NBS 1 телевиз хамтран “229-р цэцэрлэг. Ард түмний төсөл”-ийг эхлүүлсэн талаар санаачлагчид нь мэдээлсэн. Энэ санаачилга их энгийн боломжтой харагдаж байна. Цэцэрлэг хангалтгүй байгаа талаар дарга даамал, ард иргэд бүгдээр шүлсгүй болтлоо ярьж үглэсэн. Одоо ард түмнээрээ нэгдээд, хамтдаа нэг цэцэрлэг барьчихья гэж байна. Үлгэрт гардаг шиг уулыг давхарлаж, усыг эргүүлье гээгүй. Зүгээр л хүн бүр нэг мессеж савж, боломжоороо мөнгө хандивлаж, хөрөнгө босгоод хэдэн хүүхдийг цэцэрлэгтэй болгочихьё гэсэн санаачилга.
Зохион байгуулагчид нь зүгээр нэг сэтгэл хөдлөлөөрөө хэвлэлийн хурал зарлаж цэцэрлэг барьчихья гээгүй нь тодорхой. Зохих албаны хүмүүстэй уулзаж, иргэд олон нийтийн саналыг түншиж боломжтой гэж үзсэн хэрэг. Хамгийн энгийн нэг тооцоолол байна. Цэцэрлэг босгох нэг мессеж нь 500 төгрөг юм байна. Гэхдээ үүрэн оператаруудад болоод НӨАТ зэргийг хасаад 300 төгрөг нь цэцэрлэг барихад орох хандив болно. Ойролцоогоор нэг хүн хоёр мессеж илгээхэд нэг тоосго болох юм байна. 200 хүүхдийн цэцэрлэг барихадойролцоогоор 200 мянган тоосго ордог гэж тооцвол хүн бүр сэтгэл гаргаж 150051 дугаарт нэг мессэж “send” хийгээд байхад дороо л босох юм. Олны хүчээр сууриа тавиад өрлөгөө хийгээд босоод ирсэн цэцэрлэгт дээвэр цонх, тохижилтийг нь шийдээд хийгээд өгчих үндэсний компани үйлдвэрлэгчид олноороо гарах нь тодорхой. Одоогоор төслийг зарлаж эхлээд дөрөвхөн хоноход гадна дотно тохижилт, ширээ сандлыг нь хийгээд өгчихье гэсэниргэд компаниуд саналаа хэлж төсөлд нь нэгдээд байгаа гэж байна. Олны хүч оломгүй далай гэж улиглаад, уриалаад байх зүйл энд байхгүй. Зүгээр л бид нэгдэж төр засагтаа дэм болж бяцхан үрсийн төлөө дор бүрнээ “за” гэж батлан хэлцгээж, монгол жудаг гаргаж, нийгэмдээ сайн сайхныг бүтээж буй хэрэг.
...."Ихэр шилүүстэй" ХХК захирал Б.Баярмагнай "229-р цэцэрлэг Ард түмний төсөл"-д 500000 төгрөгийн хандив өгч, цэцэрлэгийн тавилгыг хийж өгөхөө илэрхийлсэн бол дуучин Л.Байзда 500 мянга, Дуучин Ноёнбондгор буюу Т.Амарбаяр 1 сая 500 мянган төгрөг, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивлаж 229-р цэцэрлэгийн шавыг тавилцаж эхэлжээ. “Арти кроун” галарейн захирал У.Цолмонхүү шинэ цэцэрлэгийн уран баримал, тохижилт зургийг хийж өгч эхнээс нь дуустал хамтран ажиллана гэж фасе хуудсандаа постолжээ. Дөрөвхөн хоногт цулгүй газар шинэ цэцэрлэгийн шав тавьсан үр дүн эндээс харагдаж байна.
“Миний охин цэцэрлэгт орсон бол ч шинэ жилээр гарцаагүй цасан охин болох байсан даа.Ийм авьяастай...” гэж ээж аав хоёр хөөрхөн охиноо өхөөрдөж суухыг харлаа. Ээж, эмээгийн гар дээр эрхэлж гэрийн хаяа сахисан ийм 60-аад мянган “жоохнууд” гэртээ ганцаараа цасан охин болж тоглож байна. Дараа жил цэцэрлэгийн найзуудтайгаа өвлийн өвгөнөөс бэлэг авах тэдний хүсэл нь олны дэмээр биелэх эхлэл байна.
Твиттер гэдэг нийгмийн том хэлэлцүүлгийн орон зайд энэ мэдээлэл хэр өндөр авч байгааг одоогоор хэлж мэдэхгүй ч “229-ийг босгоцгооё” гэж бүгдээрээ нэг жиргэхийг уриалах байна. Тэгж чадвал гэртээ ганцаараа байгаа алиа хөөрхөн багачуудын инээд хөөр нэг өдрөөр нэмэгдэж “БИД ЧАДЛАА” гэдэг бахархлыг нэг дуугаар хэлэх өдөр ирэх юм. Хорлоо эмээг байшинтай болгоод өгсөн сошиал хүрээнийхэнд баяр хүргэе. Одоо гэртээ ганцаараа тоглож суугаа хөөрхөн “маамуу” нарт цэцэрлэг барьж өгөхөд нэгдэцгээе.
Лайкийн давалгааг наашаа.https://www.facebook.com/ard.tumnii.tusul?fref=nf
229-р цэцэрлэгийг бүгдээрээ барьцгаая. Олон чухал сэдвээс онцолж бичмээр, дэмжмээр санагдлаа. /Жич: Дурын утаснаас “150051” дугаарт нэг мессэж “send” хийхэд цэцэрлэг барих 1 тоосго болно гэсэн/
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
эх сурвалж: shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ