Ой тогтоолтын ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай оролцлоо

БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт 26 орны 184 оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрөлд 60 медалийн төлөө оюун ухаанаа уралдуулсан байна. Манай Улсаас Монголын оюун ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцжээ. Тэмцээний “Нэр-Царай”, “Хоёртын тоолол”, “Тооны марафон” гэсэн төрлүүдэд манай тамирчид нийт 10 медаль хүртсэн бол дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар тооны марафон төрөлд нэг цагт 1000-аас илүү цифр цээжлэн алдаагүй нэрлэснээр Олон улсын мастерийн III болзлын эхний болзлыг хангасан байна.

Монголын оюун ухааны академийн тамирчид энэ жилийн хувьд Америк, Филиппин, Энэтхэг, Хонг Конгийн олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд энэ удаагийн тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ